3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарын төв цэг — Сүхбаатарын талбайд ид үргэлжилж байна.
Украины эсрэг тоглолт 16:16-гийн тэнцүү оноотой үргэлжилж байх мөчид манай тамирчин О. Хулан алсын хоёр онооны шидэлтээ амжилттай болгож, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багт ялалтын оноо авчирлаа.
Ингэснээр манай баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний “D” хэсгийг хоёрдугаар байраар дуусгаж, шууд хасагдах шатны эрхээ өвөртөлсөн. Одоо тэд плей-оффтоо БНХАУ-ын шигшээтэй хүч үзнэ.
Энэ тоглолтын өмнө Монголын эмэгтэй шигшээ баг “Парис-2024” олимпын аварга Германыг 18:14-өөр буулган авсан нь хэсгийн гурав дахь хожлоо болсон юм.
2025 оны 6-р сарын 23-наас 29-ний хооронд үргэлжлэх энэхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны шилдгүүд өрсөлдөж, аваргаа тодруулна.