Улсын баяр наадмын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
Иргэдийн дунд наадмын үеэр орон нутгийн зам хаана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Цагдаагийн байгууллагаас иргэд “Наадмын үеэр орон нутгийн замыг хаах уу” гэж маш их лавлаж байна. Ер нь орон нутгийн болон аймгуудын замыг хаах шийдвэр Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан.
Тийм учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Тиймээс иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай. Түүнээс биш, “Зам хаана, хаахгүй” гэсэн баталгаагүй мэдээлэлд эргэлзэх хэрэггүй. Иргэд энэ талаарх шуурхай мэдээллийг холбогдох төрийн байгууллагын вэб сайт болон Тээврийн цагдаагийн алба гэсэн пэйж хуудсаар тухай бүрт нь авч болно.
Ямар нэг байдлаар зам хаах эрсдэл үүслээ гэхэд хэсэгчилж хаах уу?
-УОК-оос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой байдлын үед зам хаана. Гэнэтийн тохиолдолд хэсэгчлэн зам хааж байгааг анзаарсан байх. Тухайлбал, Ховд аймагт тарваган тахал илэрсэнтэй холбоотойгоор Цэцэг, Жаргалант сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа. Мөн Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хаасан. Түүнээс улсын хэмжээнд зам хаахгүй.
Энэ жилийн Улсын наадам онлайнаар болно. Бөхийн барилдаан XIII зуун цогцолборт, хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Эдгээр чиглэлд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж зам хаах уу?
-Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана. Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.
Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Иргэд очиж, гуйж морь, бөх, шагайн болон сур харваа үзчихнэ гэж бодож болохгүй. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.
Улсын баяр наадмын өдрүүдэд нийслэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?
-Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 11-15-ны хооронд болно. Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Жолооч бүр хөдөлгөөнд оролцох боломжтой.
Хэдийгээр улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулах ч орон нутгийн наадам нээлттэй болно. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас ямар сэрэмжлүүлэг өгөх вэ?
-Энэ жил “Яараад яах вэ дээ” аяныг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт дээд тал нь 80, хотод 60 километр цагийн хурдтай явах боломжтой. Энэ хязгаарыг хэтрүүлж болохгүйг иргэддээ захья. Харамсалтай ослууд гардаг. Тухайлбал, аяллаар явж байхдаа майханд байсан хүүхдүүдээ дайрч, амийг нь хөнөөсөн тохиолдол гарсан. Тиймээс архидан согтуурсан үедээ машин жолоодхгүй байх, архи уусан нэгэндээ машины түлхүүр өгөхгүй байхыг анхаараарай.
Саяхан нийслэлд ачааны машины жолооч согтуу үедээ жолоо барьж байгаад, хашлага мөргөх үед тэвшин дээр нь сууж явсан хүн шидэгдэж, амиа алдсан. Хамгаалах бүсээ зүүж, аюулгүй хурдаар зорчоорой. Машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, аль болох шөнө оройн цагаар холын замд битгий гараарай. Жолооч хоёр цаг тутамд машинаасаа бууж, 15 минут амарч биеийн чилээгээ гаргавал ядрахгүй, нозоорохгүй.
Хотод дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн. Тэгвэл тодорхой хэсэгт зам хаах уу?
-Одоогийн байдлаар шугам засварын ажилтай холбоотой зарим газарт зам хаасан. Мөн түр зуур, хүчтэй орсон аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг хөдөлгөөн сийрсэн 23:00-06:00 цагийн хооронд засаж, тодорхой гудамж талбайн замыг, хэсэг хугацаанд хаана. Тиймээс “Энэ зам өдрийн цагаар чөлөөтэй байдаг” гээд хөдөлгөөн сийрсэн оройн цагаар хурд хэтрүүлж, хашлага мөргөх тохиолдол гардаг. Иймд зам засварын ажлыг шөнийн цагаар хийж байгаа тул дэргэдүүр нь болгоомжтой өнгөрөх, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцох хэрэгтэйг иргэддээ хэлье. Мөн хөдөө, орон нутгаас үер борооноос үүдэн эвдэрсэн замын байршлын мэдээллийг зургаар авсан.
Ховд аймгийн замыг одоогоор нээчихсэн байгаа. Баяр наадмын үеэр ч нээлттэй байх уу?
-Тухайн аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр зам хаах эсэхийг шийднэ. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл зам хааж магадгүй. Тиймээс хууль бусаар ан хийхгүй, тарвага болон бусад амьтны мах идэхгүй байхыг анхааруулъя.
Орон нутгийн замд гардаг ослын гол шалтгаан хурд хэтрүүлэх. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бусад улс оронд нэг цэгээс нөгөө цэг хүртэл, хоёр хотын хоорондох зайг цагаар тооцдог. Энэ нь замыг аюулгүй туулах, дүрэм зөрчихгүй байх боломжийг бүрдүүлдэг байна. Харин манайд эсрэгээрээ “Дархан хүртэл 200 км” гэж ярьдаг. Тэгэхээр 100 км/цагийн хурдтай явахад хоёр цагийн дараа оччихно гэж ойлгодог. Энэ үед жолоочийн сэтгэхүйд хоёр цагт амжих тухай бодол төрж, хурд хэтрүүлж, өөрийгөө ч ядраадаг.
Гэтэл Дархан хүртэл зарим хэсэгт 80 км/цаг, эргэлт, тойруутай хэсэгт 50 км/цаг буюу тогтмол биш хурдаар явна. Харин үүнийг засмал замаар, аюулгүй, дундаж 70 км/цаг хурдтай туулна гэвэл гурван цаг явна. Энэ нь аюулгүй зорчих боломжит хугацаа болно. Иргэдэд аль аймаг руу хэдэн цаг явахыг тооцож, хүргэж байна. Энэ тооцоог Монголд анх удаа гаргасан.
эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА