“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” энэхүү захирамжийг мэргэжлийн байгууллагын санал, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм. Захирамжид дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалт хийж буйг дахин сануулъя. Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.