Ням гарагт Катарт эхлэх хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анхдагч болгож буй зүйлс
Ням гарагт Катар улсад 2022 оны хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхлэх гэж байна.
Катар улс уг тэмцээнийг зохион байгуулах эрхээ 12 жилийн өмнө авч байв.
Тэмцээнд дэлхийн шилдэг 32 улсын шигшээ баг аваргын цомын төлөө өрсөлдөж, 1.2 сая гаруй хөгжөөн дэмжигч Катарт ирэх юм.
Энэ удаагийн ДАШТ-ийг анхдагч болгож буй зүйлсийг жагсаавал:
- Ойрх Дорнодын бүс нутагт анх удаа ДАШТ зохион байгуулагдах гэж байна.
- Офсайдын шүүлтэд технологи хэрэглэнэ. Отон тоглолт гэгддэг офсайдыг энэ удаа хагас автоматжуулсан аргаар шүүх гэж байна. Ингэхдээ бөмбөгийн мэдрэгч, тоглогчдын хөдөлгөөнийг хянах камерын тусламжтай шүүх ба шүүгчийн шийдвэрийг үзэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс дүрсийг стадионд байрлуулсан дэлгэцээр харуулах юм.
- Солилцооны тоо 5 болсон. 2018 оны ДАШТ-д нэг тоглолтын солилцооны тоо дээд тал нь гурав байсан бол энэ удаа тав болон нэмэгджээ. Тэмцээн нэмэлт цагт үргэлжилбэл дахин нэг солилцоо нэмэгдэх юм.
- Арван нэгдүгээр сард болж буй анхны ДАШТ. Катар 2022-ын нэг онцлог нь ДАШТ анх удаа арван нэг, арван хоёрдугаар саруудад зохион байгуулагдаж байна. Энэ нь Катарын зуны их халуунаас зайлсхийсэн шийдэлтэй холбоотой юм. Тус улсад зун агаарын температур Цельсийн 50 хэм хүртэл халдаг бол тэмцээний үеэр 14-31 хэмд хэлбэлзэх төлөвтэй байна.
- Багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн. Энэ удаагийн ДАШТ-д оролцох шигшээ багууд 26 хүртэл тооны тоглогчтой байх юм. Өмнөх ДАШТ-д энэ хязгаар гурваар цөөн байжээ.
- Эмэгтэй шүүгч нар. ДАШТ-ий түүхэнд анх удаа 3 эмэгтэй шүүгч оролцох гэж байна. Катар 2022-ын нийт шүүгчдийн тоо 36 юм. Францын Стефани Фраппарт, Японы Ёшими Ямашита, Руандагийн Салима Мукансанга нар өмнө нь UEFA, Super Cup, Africa Cup of Nations зэрэг эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байжээ. Энэ гурваас гадна өөр гурван эмэгтэй ДАШТ-ий 69 туслах шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан байна.
- Хамгийн нягтралтай ДАШТ. Нийт 2.9 сая хүн амтай, 11,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Катар улс нь ДАШТ-ийг зохион байгуулсан хамгийн жижиг улс болж байна. Тэмцээн болох найман стадион нь бүгд нийслэл Доха хотод, 50 км-ийн радиус дотор байрладаг. Тиймээс хөгжөөн дэмжигчид нэг өдөрт олон тоглолтыг биеэр үзэх боломжтой болж байгаа ажээ. Гэхдээ бас хөдөлгөөний түгжрэл, хэт бөөгнөрөл үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна.