"ЖОЛООЧ НАР ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙТАР АНЗААРЧ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА"
Бямба гарагаас Зайсан тойруугийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт орсон талаар мэдээллээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:
- Замын хөдөлгөөний түгжрэл сааталтай холбоотой гаргасан захирамжийн хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох болно. Тодруулбал, хойноос зөвхөн чигээрээ буюу баруун эргэнэ. Урд /Дугуй цагааны/ гурван замын уулзвар мөн нэг чигийн уулзвартай болж байна. Нэг чиглэл нь сөрөг хөдөлгөөн биш учир жолооч нар тэмдэг, тэмдэглэгээг сайтар анзаарч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь нийслэлийн гол төвлөрлийн бүс болох Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөнийг бууруулахад чиглэж байна. Туул голын гүүр зөвхөн нэг эгнээтэй учир замын цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг өглөө, оройд "татаж" ажилладгийг та бүхэн мэднэ. Түүнээс шалтгаалаад уулын замд түгжрэл саатал бий болдог. Тиймээс нэг чигт болгосноор ХААИС-ын уулзавр огтлолцолгүй болж Зайсан тойруугаар тойрч гэрэл дохио хүлээлгүй шууд баруун эргэх боломжтой болж байгаа нь уулын замын ачааллыг бууруулна. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирна гэж үзэж байна.
Зайсан тойруутой огтлолцож байгаа гудамж, замуудын хөдөлгөөний зохион байгуулалтын өөрчлөлтийг 21-ний өглөөний 6:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орсон байна. Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс хүлээн авна уу.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулан нэг чигийн урсгалд оруулахаар болсон талаар мэдээлж байна.