Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Уг хурлаар хэлэлцсэн журамд оруулах саналуудыг хүргэж байна.
Тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлнө.
Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессэж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлнө.
Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.
Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх.
Тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх зэрэг өөрчлөлтийг оруулах эсэхийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
2022 оны байдлаар нийт 120,4 59 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52,636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ.
Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж.
Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлжээ.