Анагаахын ухааны түүхэнд хамгийн их борлуулалттай вакцинуудын нэг болох Covid-19-ийн эсрэг “mRNA” вакциныг бүтээх суурь судалгааг гүйцэтгэсэн хоёр эрдэмтэн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртлээ.
Унгарын эрдэмтэн, биохимич Каталин Карико, АНУ-ын эрдэмтэн Дрю Вэйсман нарын оролцсон технологи нь “Moderna”, мөн “Pfizer-BionTech”-ийн хамтарсан вакцин бүтээх боломж олгож, нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр хийсэн нээлтийнхээ төлөө энэхүү шагналын эзэд болсон байна.
“Дэлхий даяар Covid-19 цар тахал дэгдэж, бусад тахал өвчний аюул маш их байгаа энэ үед тэдний ажил үнэлж баршгүй үнэ цэнтэй” гэж Нобелийн хороо шийдвэрээ тайлбарлажээ.
Каталин Карико, Дрю Вэйсман нар 2005 онд хэвлүүлсэн судалгаандаа “mRNA” вакцины гол асуудлуудын нэг буюу вакцинаас үүдэх үрэвслийн асуудлын шийдлийг танилцуулж байсан аж.
Нобелийн шагнал хүртсэнээр дээрх эрдэмтэд 11 сая швед крон буюу нэг сая орчим ам.долларын мөнгөн шагналыг хуваан хүртэж байгаа юм.
Нобелийн шагналыг анх олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлал тогтсон аж. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог нэр хүндтэй шагналыг 1901 онооc хойш 114 удаа олгож, 225 хүн хүртсэний 13 нь эмэгтэйчүүд байна.
1923 онд инсулинийг нээснийхээ төлөө 32 настайдаа Нобелийн шагнал хүртсэн Фредерик Бантинг хамгийн залуу шагналтан болж байсан бол хамгийн ахмад нь Пэйтен Роуз 1966 онд хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлснийхээ төлөө 87 настайдаа хүртэж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERGTV.MN