“Economist” группын судалгааны баг болох Economist Intelligence Unit (EIU) энэ оны амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг танилцууллаа.
Уг жагсаалтын тэргүүн байранд Сингапур болон Цюрих хот тэнцсэн байна. Дараагаар нь Женев, Нью-Йорк, Хонконг хотууд тус тус оржээ. Нийт 173 том хотын 200 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг харьцуулж судалгааны үр дүнг гаргасан аж.
Тодруулбал жагсаалтыг тэргүүлсэн хотуудад худалдаалж буй бараа бүтээгдэхүүний дундаж үнэ 7.4 хувиар өссөн. Хэдийгээр энэ нь өмнөх жилийнхээс 8 хувиар бага ч 2017-2021 оныхтой харьцуулахад өндөр байгааг тайланд дурдсан байна.
Сингапурын хувьд сүүлийн 11 жилийн хугацаанд ес дэх удаагаа өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. Тус улсын тээврийн үйлчилгээ, хувцас, хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны үнэ дэлхийн бусад хотынхтой харьцуулахад өндөрт тооцогддог.
Түүнчлэн уг судалгаагаар хүнс болон согтууруулах ундааны үнэ Азийн хотуудад илүү өндөр байдаг гэж гарсан байна. Амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотын жагсаалтыг тэргүүлсэн хотууд:
- Сингапур, Цюрих
- Нью-Йорк, Женев
- Хонконг
- Лос Анжелес
- Парис
- Тел Авив, Копенгаген
- Сан Франциско Эх сурвалж: GoGo.mn