NASA-гийн нарыг судлахаар хөөргөсөн Parker Solar Probe (PSP) хөлөг энэ онд хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд бичигдэх үйлийг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
2018 оны наймдугаар сарын 12-нд дэлхийгээс хөөрсөн PSP энэ оны арванхоёрдугаар сарын 24-нд 195 км/секунд (700,064 км/ц) хурдтай нарны хажуугаар нисэн өнгөрөх юм.
Ингэхдээ нарны гадаргууд 6.1 сая километр зайд ойртох ба энэ нь нар ба дэлхийн хоорондох зайны ердөө 4 хувьтай тэнцэх зай.
Энэ үедээ PSP хөлгийн гаргах хурд нь Нью-Йоркоос Лондон хүртэл зайг 30 хүрэхгүй секундэд туулахтай ижил.
Наранд ойртох үед хөлгийн гадна температур Цельсийн 1,400 хэм хүрэх юм. Тиймээс маш хурдтай ойртоод хурдтай буцах юм байна.
NASA энэ нислэгийг “анх удаа нарны атмосферын дээжийг авах” зорилготой “Наранд хүрэх” ажиллагаа гэж нэрлэжээ.
“Энэ бол бараг нарны гадарга дээр буухтай ижил үйл явдал. Энэ бол хүн төрөлхтний хувьд том амжилт байх болно. Үүнийг 1969 онд саран дээр буусантай адилтгаж болно” гэж төслийн гишүүн Нур Рауафи тайлбарласан байна.
PSP хөлгийн зорилго нь нарны гадаргууд хамгийн ихээр ойртож, энэхүү одны талаар хүн төрөлхтний мэдлэгийг гүнзгийрүүлэх юм.
Тухайлбал нарны шуурга хаанаас үүсдэг, яаж хувьсан өөрчлөгддөгийг судлахад шаардлагатай мэдээллийг цуглуулна. Ийм судалгаа нь дэлхийн амьдрал, технологид нөлөөлдөг энэхүү үзэгдлийг урьдчилан таадаг болоход чухал хувь нэмэр оруулах ажээ.
PSP хөлөг аяллынхаа турш хэт халуун, цацраг туяаны ширүүн бөмбөгдөлттэй тулгарч, өмнөх судалгааны хөлгүүдийн наранд ойртсон зайг долоо дахин багасгах юм.
Нарны гадаргуу буюу фотосферийн температур Цельсийн 6,000 орчим хэм байдаг. Харин нарны титэм буюу атмосферын гадаад давхарга нь сая гаруй хэмийн халуун байдаг юм.
Уг нь цөмөөсөө гадагшлах тусам температур багасах ёстой ч яагаад нарны титэм ийм их халуун байдгийг эрдэмтэд тайлбарлаж чадаагүй байна.
Эх сурвалж: Ikon.mn