Өнөөдөр дэлхий дахинд 30 нас хүрээгүй 15 тэрбумтан байгаа нь бүгд өөрийн чадлаар биш, өв залгамжлалаар баяжсаныг Форбс сэтгүүлийн судлаачид тогтоожээ.
Энэ нь ойрын хорь гаруй жил үргэлжлэх төлөвтэй байгаа “аугаа их хөрөнгө шилжилт”-ийн үйл явцын дөнгөж эхлэл юм байна.
Өөрөөр хэлбэл нэг мянга гаруй өндөр настай тэрбумтан ойрын жилүүдэд хөрөнгөө өвлүүлэх юм.
Тэдний өвлүүлэх нийт хөрөнгийн хэмжээг $5.2 их наяд гаруй гэж тооцоолжээ.
Ийм замаар тэрбумтан болсон эхний өв залгамжлагчдын дотор Энэтхэгийн Tata Sons компанийн эзэмшлийг эцэг эхээсээ өвлөж авсан ах дүүс болох 25 настай Захан, 27 настай Фироз Мистри нар байна.
Tata Sons компани Land Rover, Jaguar брэндүүдийг эзэмшдэг бөгөөд ах дүүс тус бүр $4.9 тэрбумыг өвлөн авч байгаа юм.
Тэдний эцэг Сирус Мистри, өвөг эцэг Паллонжи нар 2022 онд гурван сарын зайтай нас барцгаасан байна.
2022 онд бас тансаг ангиллын нарны шилний Luxottica компанийн үүсгэн байгуулагч Леонардо Дел Веккио нас барсны дараа түүний гурван хүүхэд тэрбумтан болсон юм.
28 настай Леонардо Мариа, 22 настай Лука, 19 настай Клемент нар Люксембург улсад бүртгэлтэй гэр бүлийн компанийнхаа тус бүр $4.7 тэрбумын үнэлгээтэй 12.5 хувийг өвлөж авчээ. Luxottica компанийн эзэмшилд Ray-Ban, Oakley зэрэг брэндүүд байдаг.
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон 19 настай Ливиа Войт нь Бразилын цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн WEG Industries компанийн 3.1 хувийг 2016 онд нас барсан өвөг эцгээсээ өвлөж авснаар $1.1 тэрбумын хөрөнгөтэй болжээ.
Түүний 26 настай эгч Дора Войт бас ийм замаар тэрбумтан болсон юм.
“Ирэх 20- 30 жилийн хугацаанд өнөөдрийн нэг мянга гаруй тэрбумтан нийт $5.2 их наядын хөрөнгөө өвлүүлэхээр байна. Бид энэ тоог хэрхэн гаргасан бэ? Зүгээр л 70-аас дээш настай 1,023 тэрбумтны хөрөнгийг нэмэхэд л ийм тоо гарна” гэж Швейцарын UBS банкны мэргэжилтнүүд мэдээлжээ.
Тэдний дунд дэлхийн хамгийн баян эрхэмд тооцогдож буй Францын Бернар Арно байгаа юм. Одоо 75 настай тэрбээр $233 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд саяхан хүүхдүүдээ өөрийн LVMH группийн өндөр албан тушаалуудад томилоод байгаа.
Америкийн аж үйлдвэрийн тэрбумтан ах дүүсийн ахмад нь болох Чарльз Кок одоо 88 настай. Nike спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулалцсан Фил Найт энэ жил 86 хүрч байна. Тэдний хөрөнгө удахгүй шинэ залуу тэрбумтнуудыг төрүүлэх нь тодорхой юм.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN