Чихрийн шижин өвчтэй сая сая хүмүүст дуулгах таатай мэдээг "Cell Discovery" сэтгүүл нийтэллээ. Хятадын эрдэмтэд эсийн эмчилгээг ашиглан чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтойг олж тогтоон, 59 настай хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчтэй эрэгтэйг амжилттай эмчилж чаджээ. Тус өвчтөн 25 жилийн турш хоёрдугаар зэргийн буюу олдмол чихрийн шижин өвчинтэй тэмцэж, өдөр бүр инсулин тарилга хийлгэдэг байсан.
Эрдэмтэд түүний нойр булчирхайгаас олдсон инсулин үүсгэдэг үүдэл эсүүдийг авч, лабораторид ижил төстэй хуулбарыг бүтээж, өөрчилсөн. Өвчтөн эрэгтэйн нойр булчирхай цусан дахь глюкозын хэмжээг хянах чадваргүй байсан тул өдөр бүр инсулин тариулдаг байжээ. Тиймээс, модификаци өөрчлөлтөд оруулсан үүдэл эсийг 2021 оны долдугаар сард буцаан биед нь суулгаснаар 11 долоо хоногийн дараа нэмэлт инсулин хэрэглэх шаардлагагүй болж эдгэсэн байна. Жилийн дараа сахарын эм уухаа больжээ. Лабораторид өөрчилсөн үүдэл эсүүд нь глюкозын хэмжээг хянах чадвартай болсноор сүүлийн гурван жил сахарын эм уугаагүй байна.
Хэдийгээр энэхүү үйл явдал нь зөвхөн нэг өвчтөний жишээ боловч чихрийн шижин өвчнийг эсийн түвшинд эмчлэх боломжтойг олж тогтоосон томоохон нээлт болсон гэж эрдэмтэд үзэж байна. Бритиш Колумбын их сургуулийн судлаач, профессор Тимоти Киффер энэхүү нээлтийг "салбарт гарсан чухал дэвшил" гэж тодорхойлжээ. Харин одоо, эсийн түвшинд эмчлэх аргыг олон нийтэд нээлттэй болгохын тулд үр дүнтэй, аюулгүй байдлыг нь баталгаажуулах томоохон туршилт, судалгаа явуулах шаардлагатай юм. Энэхүү нээлт нь ирээдүйд чихрийн шижин өвчин олон сая хүмүүсийн зовнил болохгүйг баталсан гэж олон улсын эрдэм шинжилгээний багынхан үзэж, сайшааж байна.
Олон улсын Чихрийн шижингийн холбоо (IDF) гаргасан судалгаанд 2021 он гэхэд 20-79 насны 537 сая хүн чихрийн шижин өвчтэй болсон байна. Энэ тоо 2030 он гэхэд 643 саяд хүрч, 2045 он гэхэд 783 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2045 он гэхэд дэлхийн хэмжээнд насанд хүрсэн 8 хүн тутмын 1 нь чихрийн шижин өвчтэй болох төлөвтэй гэсэн үг юм.
Эх сурвалж:NEWS.MN