2024 оны нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Харамсалтай хэрэгт өртсөн иргэд болон ар гэрийнхэн нэгдэн энэ сарын 23-ны өдөр буюу маргааш зул өргөх аж. Энэ хэргийг прокурорын байгууллагаас өчигдөр /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн бөгөөд шүүхээс хэргийн материалыг хянаж байна.
Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.