Орчин үед зарим хүмүүс элдэв илүү чирэгдэлгүйгээр эмх цэгцтэй, цомхон амьдрахыг эрхэмлэх болсон. Энэ амьдралын хэв маягийн үндэс нь цөөн бөгөөд утга учиртай хэрэглээ.
Тэгвэл бид минималист чиг хандлагатай хүмүүсийн өгсөн дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Зарим нэгийг нь өөртөө дүрэм болгон хэрэгжүүлээд үр дүнг нь харж болох юм.
- Өдрийн эхлэл болон төгсгөлд ажлаа эмхэлж сур. Өдөр эхлэхэд хамгийн чухал гурван ажлаа жагсаагаад бичиж тавина. Ширээгээ цэвэрлэж цэгцэлнэ. Өдөр дуусахад мөн л ширээгээ цэгцэлж, жагсаасан ажлаа нэг шалгаад, үлдсэнийг нь маргаашд шилжүүлнэ.
- Ширээнээсээ босох бүртээ нэг хэрэггүй зүйлийг хаях. Ус уухаар, жорлон орохоор гээд босох бүртээ ширээн дээрээсээ нэг хэрэггүй зүйлийг авч хая. Хэрвээ хаях зүйл ширээн дээр байхгүй бол эргэн тойрноосоо ол.
- Идэж дуусаад аяга, тавгаа угаа. Энэ бол тайлбарлах шаардлагагүй дүрэм. Идэж ууж дууссан л бол ширээн дээрээ бохир үлдээж болохгүй, дор нь угааж цэвэрлэх хэрэгтэй.
- Хэрэглэснийхээ дараа угаалтуураа цэвэрлэ. Гараа угаах, шүдээ угаах зэрэг үйлдлийн дараа угаалтуураа цэвэрлэж сур. Гал тогоонд ч ялгаагүй.
- Өрөөн дундуур алхах бүртээ нэг зүйл олж цэгцэл. Ингэхдээ бүтнээр нь цэвэрлэж эмхлэх гээд хэрэггүй, нэг удаад зөвхөн нэг зүйл гэсэн дүрэм баримтална.
- Хувцасаа тайлах бүртээ хурааж, өлгөж хэвш. Усанд орох эсвэл зүгээр л хувцасаа солих бүртээ тайлсан хувцасаа энд тэнд орхилгүй хурааж, эвхэж, өлгөж сур.
- Тэгш гадаргуу бүрийг цэвэрхэн, хоггүй байлга. Ширээ, тавцан, шал гээд бүгдийг цэвэрхэн байлгаж сур. Хэрэггүй зүйл хэвтэж байвал даруй хурааж цэгцэл.
- Ажлын өдрийн төгсгөл бүрт файлуудаа цэгцэл. Хэрвээ та цаас хэрэглэдэг бол өдрийн төгсгөлд тэднийгээ хавтсанд эмхэлж хий. Харин дижитал орчинд ажилладаг бол дэкстоп дээрээсээ үүсгэсэн файлуудаа байх ёстой хавтаснуудад (folder) хуваарилж цэгцэл.
- Хойш тавилгүйгээр, ирсэн имэйл бүртэй ажилла. Шинэ мэйл ирвэл дор нь унших, хариу бичих, архивлах гэх мэт ямар нэг арга хэмжээ ав.
- Чухал ажилтай байгаа бол хийх ажлын жагсаалтандаа оруул. Уншихгүй орхих, уншсан ч тоохгүй байх, эсвэл олноор нь нээлгүй орхиод хэрэггүй.
- Онц шаардлагагүй ч худалдаж авахыг хүсч байгаа зүйлсээ 30 хоногийн жагсаалтанд оруул. Ингэж нэмэхдээ бичсэн өдрөө нэмж оруулна. 30 хоногийн дотор авахгүй байх хэрэгтэй. Харин 30 хоносны дараа эргээд харахад заримдаа авах шаардлагагүй болсон байдаг.
- Бүх хувцаснуудаа тус тусад нь ангилж хадгалаад зөвхөн өмсөх хувцасаа гаргаж тавих. Энэ маягаар сар болсны дараа харахад өмсөхөө больсон хувцаснууд тодорч үлдэх тул хэн нэгэнд хандивлах тухай бодох хэрэгтэй.
- Нэгийг авбал хоёрыг зайлуул. Та хувьдаа ямар нэг зүйл худалдаж авбал зөрүүлээд ижил төстэй хоёр зүйлийг гаргах хэрэгтэй. Жишээ нь нэг шинэ гутал авсан бол хуучин хоёроо хүнд хандивлах гэх мэт. Ийм дүрмээр хэсэг явсны дараа Нэгийг Нэгээр солих дүрэм рүү шилжиж болно.
- Байгаа зүйлдээ хязгаар тогтоож сур. 30 хувцас, 30 ном гэх мэтээр өөртөө байх ёстой зүйлд хязгаар тавьж сур. Хэтэрвэл зайлуулах, нэмж авахгүй байх мэтээр энэ тоо хязгаараа хатуу баримтал.
- Сар бүрийн эцэст компьютерээ цэвэрлэж, архивлаж сур.
- Гурван сар тутамд цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ ялгаж хая.
эх сурвалж ikon