Шинэ коронавирут халдварын (COVID-19) цар тахал дэлхий даяарх хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна.
Дийлэнх улс орнуудын засгийн газар үүний эсрэг хариу арга хэмжээний нэг болгож гэрээсээ гарахгүй байх, сайн дураараа тусгаарлах, нийгмийн зай барих зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа бөгөөд эдгээр арга хэмжээнүүд нь анагаах ухааны хувьд халдварын тархалтыг таслан зогсооход зайлшгүй шаардлагатай боловч энэхүү дасал, дадал болоогүй амьдралын хэв маягийн шинэ эхлэл нь сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад шаардлагатай өдөр тутмын амьдралын тэнцвэрийг алдагдуулах аюулыг дагуулж байж болзошгүй байна.
БИОЛОГИЙН ЦАГИЙН ХЭМНЭЛ АЛДАГДАХААС СЭРГИЙЛЭХ
Биднийг сэтгэл санаагаа амар тайван байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байдаг тархины хамгийн чухал механизмуудын нэг нь "биологийн цаг" гэж нэрлэгддэг хоногийн хэмнэл юм. Энэхүү дотоод биологийн цагны ачаар, бидний бие махбодийн байдал, зан үйл хоногийн 24 цагийг өглөө, шөнийн циклээр дэвтаж байдаг. Улмаар, сайн төлөвлөсөн, тогтвортой хуваарь, өдөр тутмын амьдралын тодорхой тогтсон хэмнэл нь энэхүү биологийн цагийн үйл ажиллагааг саадгүй жигд болгож байдаг ба дотоод цаг маань жигд ажиллаж байвал бид тав тухыг мэдэрч байдаг гэсэн үг.
Харин үүний эсрэгээр, дотоод цагийг алдагдуулснаар сэтгэлийн хямрал, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар зэрэг олон янзын сэтгэцийн болон бие махбодийн нөхцөл байдлыг улам дордуулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Шинэ коронавируст цар тахал шиг амьдралыг огцом өөрчлөх нөхцөл байдалтай тулгарахад бидний дотоод цаг амархан үймж эвдрэлд ороод зогсохгүй тэр хоногийн хэмнэлийг зөв зохистой гольдрилд буцаан оруулахад ихээхэн хэцүү байдаг гэдэг нь мэдэгдсэн зүйл. Ялангуяа ажил, хүүхдээ асрах, хүмүүстэй харилцах гэх мэт тодорхой хэмнэлээр тогтмол хийдэг нийгмийн үйл ажиллагаа (өдөр тутмын ажил) алдагдах юм бол дотоод цаг өөрчлөгдөж, зөв ажиллахгүйд хүрдэг. Үүний үр дүнд нойргүйдэл, хоолны дуршил алдагдах, эрч хүч сулрах, сэтгэлийн шаналалд орох гэх мэт цагийн зөрүүтэй төстэй сэтгэц, бие махбодийн таагүй байдалд ордог.
Өнөөдөр COVID-19 цар тахал нь халдварын тохиолдол болон нас баралтын тоо тасралтүй нэмэгдсээр байна. Халдварын айдас, түгшүүр, улс орнуудын засгийн газар эсвэл орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын зүгээс гадуур гарахыг хязгаарлах, бизнесийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоохыг хүсэх зэргээр хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ажлын хэв маяг өөрчлөж байгаа нь халдвар аваагүй хүмүүст ч гэсэн сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа бөгөөд "корона хямрал", "корона ядаргаа", "корона стресс" зэрэг үгс аль хэдийн бидний үгсийн санд нэмэгдэн, холбогдох мэргэжлийн байгууллагын зүгээс түгшүүрийн хонх дэлдэж байна.
Үүний нэг болох International Society for Bipolar Disorders (ISBD) харьяа Society for Light Treatment and Biologic Rhythms (SLTBR) Олон улсын нийгэмлэгээс шинэ коронавируст халдвар (COVID-19) цар тахлын үе шатанд сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах талаарх зөвлөмж гаргасан байгааг товчлон орчуулан хүргэж байна.
COVID-19-ийн үеийн айдас, түгшүүрийг хөнгөлөх үүднээс өдөр тутмын амьдралаа зөв явуулахад шаардлагатай өөрийгөө удирдах "11 зүйлийн арга техник”-ийг хүснэгтээр нэгтгэн харууллаа.
Коронатай тэмцэх бидний тэмцэл нэлээдгүй урт удаан хугацаанд үргэлжлэх юм шиг байна. Өөрсдийнхөө сэтгэл санааг тайван амгалан байлгаж, корона ядаргаанд өртөхгүй байхын төлөө хичээгээрэй.
Хайртай хүмүүсээ хамгаалья!!
Хайртай хүмүүсээ хамгаалья!!