Г.Цэрэнтогтох хүү болон дүүгийнх нь эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс “19001950 мэдээллийн лавлах”-ын хамт олон "Масс агентлаг"-тай хамтран тусламжийн аяныг эхлүүлсэн. Энэ ч үүднээс сайхан сэтгэлт, элэг нэгт Монголчууд ах дүү хоёрт тусламжийн гараа сунгаж өнөөдөр тэд эрүүл саруул болжээ. Тэгвэл өнөөдөр Г.Цэрэнтогтох болон түүний гэр бүлийнхэн "19001950 мэдээллийн лавлах" “Масс агентлаг”-аар зочилж баярлаж талархсанаа илэрхийллээ.
Энэ үеэр ээж М.Болортуяа болон Г.Цэрэнтогтох хүүгийн сэтгэгдлийг сонслоо.
Г.Цэрэнтогтох: Монголчууд нэг нэгэндээ тусалдаг сайхан сэтгэлтэй ард түмэн
- Солонгос Улсад эрчимт эмчилгээ хийлгээд ирлээ. Одоо биеийн байдал нь хэр байна. Дүүгээ аварсан нь ахын хувьд баатарлаг үйл юм?
- Гал гарах үед би дүүгээр аврах талаар л бодсон. Нэг мэдэхэд л дүүгээ аврахаар гал руу орсон. Түүнээс цааш юу болсоныг санадаггүй. Зөвхөн галын машин ирсэнийг л санаж байна. Одоо биеийн байдал харьцангүй дээрдсэн. Арьс таталдах зовиур мэдрэгддэг.
- Сайхан сэтгэлт монголчуудаас хандив цуглаж миний дүү Солонгост эмчилгээ хийлгээд ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Тэгэлгүй яахав. Надад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Зовсон цагт монголчууд нэг нэгэндээ тусалдаг сайхан сэтгэлтэй ард түмэн. Тиймээс л надад тусалсан. Би сургуулиа төгсөж мөрөөдлөө биелүүлээд улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж бүх тусалсан хүмүүсийнхээ ачийг хариулна. Энэ дашрамд “Масс агентлаг”-ийн хамт олонд баярлалаа. Та бүгдийн ачаар би өнөөдөр хөл дээр босож эрүүл боллоо.
Н.Болортуяа: Монголчууд та бүхний минь ач гавьяа юм.
- Элэг нэгт Монголчуудынхаа сайхан сэтгэлийн буянаар Солонгос улсад хүү нь эмчлүүлээд ирлээ.Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- Юуны өмнө “Масс агентлаг”-ийн хамт олонд баярлалаа. Анх хүүгийн биеийн байдал хүнд Солонгост очсон. Очсон даруйдаа яаралтай арга хэмжээ авч эрчимт эмчилгээнд орсон. Миний хүүгийн биеийн байдал богино хугацаанд сайжирсан. Эмчилгээ эхлэх үед гурван сарын хугацаа шаардлагатай гэж байсан бол 45 хоноод ирсэн. Энэ бол Монголчууд та бүхний минь ач гавьяа юм. Миний хүүд тусалсан нийт монголчууддаа маш их баярлалаа.