“BYD”-ийн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2021 онд 604 мянган нэгж байсан бол өнгөрсөн онд 1.86 сая нэгж болж өсжээ
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компани энэ онд худалдаанд гаргах тансаг зэрэглэлийн автомашины хоёр брэндийнхээ эхнийхийг танилцуулснаар энэхүү зах зээлд эзлэх байр сууриа хурдацтай тэлэх зорилт нь нэг алхам урагшилж байна.
Пүрэв гарагт тус компани “Yangwang” брэндийн SUV ангилалд хамаарах “U8” шинэ загварын автомашинаа танилцууллаа. Тус компани энэхүү автомашинаа “нэг сая юаниас дээш үнэтэй” гэдгийг зарласнаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Ийнхүү “U8” нь БНХАУ дахь хамгийн үнэтэй цахилгаан автомашинуудын нэг болгох бөгөөд харьцуулбал “Tesla” компанийн “Model Y” SUV ангиллын автомашины үндсэн үнэ нь 289 мянган юань буюу 42 мянга 30 ам.доллар байдаг.
“U8” загвар нь дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй төдийгүй “BYD”-ийн нэрийн хуудас болсон “blade” төрлийн хураагуураар тоноглогджээ.
Үүнээс гадна “BYD” компани спорт ангиллын тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин болох “U9”-ээ танилцуулсан байна.
Хэдийгээр цар тахал үйлдвэрлэлд нь нөлөөлсөн ч “BYD”-ийн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2021 онд 604 мянган нэгж байсан бол өнгөрсөн онд 1.86 сая нэгж болон өссөн юм.
Харин 12 дугаар сард “BYD”-ийн ажилчдын 20-30 хувь нь Covid-19-ийн халдварын улмаас ажиллах боломжгүй болж, гэртээ тусгаарлагдсаны нөлөөгөөр үйлдвэрлэлийн гарц нь өдөрт багадаа 2000 нэгжээр буурсан болохыг тус компанийн удирдах албан тушаалтан мэдээлжээ. Ингэснээр “BYD” компанийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 12 дугаар сард сарын дүнгээр буурсан нь хоёрдугаар сараас хойших анхны тохиолдол болсон байна.
Эх сурвалж: https://bloombergtv.mn/