ТикТок компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт АНУ-ын хууль тогтоогчидтой анх удаа нүүр тулав. Шоу Зи Чю нь Голдман Сакс банкинд ажиллаж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард ТикТокийн захирлаар томилогдсон юм.
"Би үүнийг хоёрдмол утгагүй хэлье. "ByteDance" бол Хятад эсвэл өөр аль нэг улсын төлөөлөгч биш" гэж тэр хэлсэн юм. Таван цаг үргэлжилсэн сонсголын ихэнх хугацаанд тэр ТикТок платформ нь Хятадын засгийн газартай холбоогүй гэдгийг онцолсон. Тэрбээр "ТикТок бол дэлхийн шинж чанартай платформ. Эх газрын Хятадад байдаггүй. Төв байр нь Сингапур, Лос Анжелест байдаг" гэж хэлэв.ТикТок платформ нь өдгөө АНУ даяар хэдэн арван сая хэрэглэгчтэй. Тиймээс Хятад улс уг платформд хяналт тавьж байгаа эсэхэд АНУ-ын хууль тогтоогчид санаа зовниж байна. Конгрессын сонсголын үеэр Шоу Зи Чю ТикТок компани болон Хятад улс хоорондын харилцааг аюулгүй гэдгийг батлах шаардлагатай болсон.
Асуулт хорооны гишүүд түүнийг ТикТокийн толгой компани болох "ByteDance"-ийн удирдлагуудтай холбоотой гэж шүүмжилжээ. Тэд Шоуг толгой компанийн удирдлагуудтай хэр ойр давтамжтай холбогдож байгааг, хэрэглэгчдэд Хятадын хяналтын эсрэг хангалттай хамгаалалт амлаж чадах эсэхийг асуусан байна. Түүнчлэн залуу хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд платформ хэрхэн нөлөөлж байгааг асуужээ. Тодруулбал, галт тэрэгний урдуур орж амиа хорлосон 16 настай охины үхлийг эрх баригчид ТикТоктой холбож ойлгож байгаа бөгөөд тус сонсголд охины эцэг эх оролцсон.
Сонсголын өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "ByteDance" компанийг хувьцаагаа зарахгүй бол хориг тавина гэж мэдэгджээ. Тиймээс Хятад улс компанийг албадан худалдахыг эсэргүүцнэ гэж Шоу Зи Чю хэлсэн байна.
ТИКТОК БОЛ ЗАЛУУ ҮЕИЙГ ТАТАХ ШИНЭ ХЭРЭГСЭЛ
АНУ-ын эрх баригчид ийнхүү ТикТокийн аюулгүй байдалд эргэлзэж байхад Европын парламентын гишүүд платформоос хэт хамааралтай байдлаа ялан дийлж чадахгүй байна. Аюулгүй байдлын эрсдэл байгаа ч Европын парламентын гишүүдийн хувьд ТикТок нь орхиход хайран улс төрийн хэрэгсэл аж.
Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола кибер аюулгүй байдлын эрсдлийн үүднээс парламентын албан тушаалтнуудыг гуравдугаар сарын 20 гэхэд ажлын бүх төхөөрөмжөөс ТикТок платформыг устгах тушаал өгсөн.
Энэ тушаал нь Европын парламентын бүх гишүүн болон тэдний улс төрийн зөвлөхүүдэд хамаарах юм. Гэвч энэ тушаалын хэрэгжилт талаар болж магадгүй байна. Европын парламентын сонгууль 2024 оны хавар болно. Тиймээс парламентын гишүүд болон улс төрийн бүлгүүд залуу үеийг татахын тулд ТикТокийг орхихгүй байхаар төлөвлөжээ. ТикТок платформыг ойролцоогоор 125 сая европ хүн өдөр тутамдаа идэвхтэй ашигладаг.
"Миний ажлын нэг чухал хэсэг бол хүмүүстэй харилцах" гэж Францын хэт зүүний үзэлтэй хууль тогтоогч Лейла Чайби хэллээ. Тэрбээр ТикТок дээр 3500 дагагчтай. Түүнчлэн Германы Ногоон намын хууль тогтоогч 29 настай Малте Галлее ТикТок дээр 36 мянга гаруй дагагчтай. "Тэнд гол төлөв залуус байдаг ч сүүлийн үед ахимаг насныхан нэмэгдэх болсон. Улстөрч хүний хувьд миний төлөөлж буй хүмүүс хаана байна, юу ярьж байна гэдгийг би мэдэх хэрэгтэй" гэж тэр хэлсэн юм. Энэ мэтчилэн гишүүд болон улс төрийн бүлэглэлүүд ТикТок хаяг нээх нь улам нэмэгдсээр байгаа аж. Европын парламентаас "ТикТок стратеги" нэртэй баримт бичгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд гаргасан. Уг баримт бичгийн дагуу Европын парламентын дээд хууль тогтоогчид, тэд дундаа ерөнхийлөгч Мецола нарыг ТикТок хаягтай байхыг зөвшөөрчээ. Танхимын хувьд энэ нь гайхалтай эргэлт байсан аж.
Европын парламентад ТикТокийг зөвшөөрсөн гол зорилго нь залуу үеийг, ялангуяа 2024 онд анх удаа сонгууль өгөх "Z" үеийнхнийг эрх баригчидтай шууд холбох явдал байв. Мөн Украин дахь дайны талаарх ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хэрэгтэй гэж үзсэн байна.
Парламентын хамгийн том бүлэг болох баруун төвийн үзэлтэй Европын Ардын нам нь ТикТок дээр 51 мянган дагагчтай. Тус намын хэвлэлийн төлөөлөгч Педро Лопес "Парламент ТикТокийг ашиглахаа болино гэдэг нь утгагүй хэрэг. Манай хаяг идэвхтэй хэвээрээ байх болно" гэж мэдэгдсэн. Гэтэл Европын парламентыг төлөөлөж буй энэхүү хамгийн том хаягийг устгах хүсэлтийг парламент өөрөө гаргасан нь хачирхалтай. Зүүн, Социалист, Ардчилсан нам, Либерал шинэчлэлийн бүлгүүд ч бас ТикТок хаягаа устгахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хаягаа устгахгүй байснаар энэ шийдвэрийг болиулж чадна гэж тэд үзэж байна.
Европын парламент энэ хоригийг зарласны дараа Зүүний бүлэгт суудаг Ирландын бие даасан гишүүн Клэр Дэйли богино хугацаанд дагагчийнхаа тоог 80 мянгаар өсгөжээ. Түүнийг ТикТок дээрх хамгийн алдартай гишүүн гэхэд болно. Тэр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгээ ТикТокдоо оруулдаг. "Энэ шийдвэр нь ноцтой аюул дээр үндэслээгүй. Энэ бол нууц мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах гэхээс илүүтэй Европын холбооны улс төр дэх геополитикийн синофоби уур амьсгалыг намжаахад чиглэсэн жүжиг юм" гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: POLITICO, THE GUARDIAN