Дэлхийн эдийн засгийн форум эрдэмтэн, мэргэжилтнүүдийн судалгаанаас 2023 онд шинээр гарч буй, ойрын 3-5 жилд нийгэмд хэрэгтэй 10 технологийг танилцууллаа. Жагсаалтыг гаргахад 20 орны 90 гаруй судлаач оролцжээ. Тэдний онцолсон шинэ технологиудыг танилцуулж байна.
Уян зай
Мушгих, сунгах, нугалах боломжтой хөнгөн материалаар хийгдсэн уян зайг эргэлддэг дэлгэц, эрүүл мэндийн үзлэг хийх зориулалттай зүүдэг төхөөрөмжүүд, ухаалаг цаг зэрэгт ашиглах боломжтой аж. Судалгаагаар дэлхийн уян зайны зах зээл 2027 он хүртэл 240 сая ам.доллароор өснө гэж тооцжээ. Харин тус зайг аюулгүй устгах, дахин боловсруулах зэрэг нь асуудал болж магадгүй байна.
Генератив хиймэл оюун ухаан
Одоогоор энэ төрлийн хиймэл оюун ухааныг текст, компьютерын программ, дуу, дүрс боловсруулахад ашиглаж байгаа ч эмийн загвар гаргах, архитектур, инженерчлэл зэрэг салбарт нэвтрүүлж болно гэв. Тус технологи нь туршилтын загварыг хөгжүүлэх, шинэ онол боловсруулахад үр нөлөөтэй байдаг. Гэхдээ ирээдүйд ажлын байруудыг орлож магадгүй нь асуудал болж байна.
Вирусийн инженерчлэл
Фаг вирусээр дамжуулан хүний биеийн тодорхой бактериудыг халдваржуулах замаар микробиомтой холбоотой аливаа өвчнийг эмчлэх боломжтой юм байна. Гэхдээ тус вирусийг ашиглах нь бөөр болон цус бүлэгнэлтэд асуудал үүсгэдэг маш ховор төрлийн ноцтой өвчин үүсгэх эрсдэлтэй аж.
Тогтвортой агаарын түлш
Биологийн болон биологийн бус нөөцөөс гаргаж авсан тогтвортой агаарын түлш нь тээврийн хэрэгсэл нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байхад гол түлхэц болдог. Агаарын тээврүүд дэлхийн нүүрсхүчлийн хийний ялгарлын 2-3 хувийг дангаараа эзэлдэг. Харин тэдгээрээс ердөө нэг хувь нь л эко агаарын түлш ашиглаж байна. Ийм төрлийн есөн түлш зөвшөөрөгдсөн байгаа нь биомасс буюу хаягдал, ургамлын тос, амьтан бол инженерийн аргаар гаргаж авсан бактери зэрэг юм.
Сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан метаверс
Хүмүүсийн виртуал орчинд бусадтай харилцах, холбоо тогтоох орон зайг, тухайлбал тоглоомын платформыг сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд ашиглаж байна. DeepWell Therapeutics компани сэтгэлийн хямрал, түгшүүрийг эмчлэх видео тоглоомуудыг бүтээжээ.
Ургамлын бичил мэдрэгч
Хүнсний ногоо, жимсэнд бичил мэдрэгч төхөөрөмж суулгаж тухайн хүнсний чийгшил, температур, шим тэжээлийн хувь зэргийг тодорхойлж болно. Ингэснээр бордоо, усалгааг багасгаж, анхан шатны өвчлөл үүсгэх эрсдэлтэй эсэхийг нь мэдэх боломжтой юм.
Орон зайн омик
Орон зайн омик нь дүрслэлийн дэвшилтэт техникийг ДНХ-тай хослуулж, биологийн үйл явцыг молекулын түвшинд зураглахад тусалдаг. Хүний бие ойролцоогоор 37.2 их наяд эсээс бүрддэг. Орон зайн омикийн тусламжтай хийгдсэн эсийн зураглалыг эмнэлгийн түвшинд ашиглаж болно гэв.
Мэдрэлийн уян электроник
Тархи-машины интерфэйс (BMI) нь эпилепситэй өвчтөнүүдийг эмчлэх, мэдрэлийн протезийн эмчилгээнд ашиглагдаж байна. Энэ нь мэдрэлийн системд нөлөөлөх замаар үйлчилдэг ч хатуу материалаас болоод хязгаарлалттай байдаг. Харин уян хатан электроникууд нь уг асуудлыг шийдэж байна.
Тогтвортой тооцоолол
Гүүглийн хайх цэс, цахим шуудан зэрэг нь их хэмжээний энерги зарцуулдаг ба дэлхийн цахилгаан зарцуулалтын нэг хувийг эзэлдэг. Дата мэдээллүүд нэмэгдэх тусам энэ үзүүлэлт өснө. Харин энерги бага зарцуулах зохицуулалтыг хийхийн тулд тооцооллын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай аж. Үүний нэг жишээ нь дулааныг зохицуулах шингэн хөргөлтийн систем бөгөөд илүүдэл дулааныг ус халаах зэрэг бусад хэрэглээнд дахин ашиглах боломжтой юм.
Хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ
Хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх нь урт дарааллаас үүдсэн асуудлыг шийдэх замаар олон улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: GoGo.mn