Твиттер сошиал платформын шууд өрсөлдөгч гэгдэж буй Мета компанийн Threads үйлчилгээний аппликэйшнийг өнөөдрөөс эхлэн дэлхийн 100 улсын зах зээлд нээжээ.
Монголын хэрэглэгчид ч бас уг аппликэйшнийг Apple, Google-ийн онлайн дэлгүүрүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой болсон байна.
Харин зохицуулалтын орчинтой холбоотой асуудлаас болоод Европын Холбооны орнуудад нээгдээгүй юм байна.Threads үйлчилгээнд нэвтрэхдээ Инстаграм бүртгэлээ ашиглах ажээ.
Фэйсбүүк, Инстаграм платформуудыг эзэмшигч Мета компанийн мэдээлснээр Шакира, Опра Уинфри, Далай лам зэрэг олны танил хүмүүс хэрэглэгч болохоор тус үйлчилгээнд хандсан гэнэ.
Ерөнхийдөө Твиттертэй адилхан энэ үйлчилгээ зарим нэг нэр томьёогоороо л ялгарч байна. Тухайлбал retweet-ийг report, tweet-ийг thread гэх зэргээр нэрлэжээ.
Нэг постын уртын хязгаар 500 тэмдэгт юм байна. Энэ нь Твиттерийн 280 тэмдэгтээс бараг хоёр дахин урт гэсэн үг юм.
Мөн тав хүртэл минутын урт дүрс бичлэг хуваалцах, холбоосыг нь дамжуулах боломжтой юм байна.
Threads-ийг Мета компани Бодит цагт мэдээлэл авч, олон нийттэй хэлэлцүүлэг өрнүүлэх шинэ орон зай гэж тодорхойлжээ. Мөн Инстаграмын хамгийн сайн гүйцэтгэдэг үүргийг текст орчинд нэвтрүүлж байгааг нь онцолсон байна.
Эх сурвалж: Ikon.mn