Хамгийн том, нөлөө бүхий, хамгийн сайн санхүүжилттэй хиймэл оюуны стартапуудыг танилцуулъя.
Хиймэл оюунт технологийн шинэ давлагаа дэлхий дахиныг алмайруулж байна. Гоёмсог зураг бүтээх, дата мэдээлэлд анализ хийх, шүлэг бичих гээд хийж чадахгүй зүйл алга. Мөн ажлын байранд хүнийг орлож, орчин үеийн дайн тулааныг үндсээр нь өөрчилж байна.
Технологийн томчууд, венчур капиталистуудаас тэрбум тэрбумын санхүүжилт авч буй хиймэл оюуны стартапууд салбарынхаа сүүлийн үеийн бүхий л ололт амжилтыг хөтөлж, технологийн шинэ эрин үеийн суурийг тавьж буй нь үнэн. Ингээд энэ онд таны анхаарал хандуулж байх хэрэгтэй хамгийн том, нөлөө бүхий, хамгийн сайн санхүүжилттэй хиймэл оюуны стартапуудыг танилцуулъя.
1. OpenAI
Бүтээгдэхүүн: ChatGPT чатбот, Dall-E зургийн генератор
Байршил: Сан-Франциско
Гүйцэтгэх захирал: Сэм Алтман
Үнэлгээ: $27 тэрбум гаруй
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй "OpenAI"-ийн генератив хиймэл оюуны хэрэгсэл нь зураг, богино эссэ, шүлэг гэх зэргийг агуулсан бичвэрт хариу өгөх чадвартай. 2022 онд тус компани зургийн генератив хэрэглүүр "Dall-E" болон "ChatGPT" чатботыг бүтээжээ. "ChatGPT" элсэлтийн шалгалт болон стандарт тестүүдэд бараг алддаггүй тул сурагчдын гэрийн даалгавар хийх аргачлалыг үүрд өөрчилсөн ч байж мэднэ.
2. Stability AI
Бүтээгдэхүүн: "Stable Diffusion" генератор, "StableLM" хэлний модель
Байршил: Лондон
Гүйцэтгэх захирал: Эмад Мостак
Үнэлгээ: $1 тэрбум
"Stable Diffusion" хэмээх бодит мэт гайхалтай зураг бүтээх чадвартай хиймэл оюуны программыг олон нийтэд таниулж, санхүүжүүлсэн компани бол "Stability AI" юм. Компани саяхан энэ оны хамгийн дуулиантай, хамгийн хүчирхэг хэрэгслээ бүтээхээр 4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор ажиллаж эхэлсэн юм.
3. Runway
Бүтээгдэхүүн: Бичвэрийг видео болгох хэрэглүүрүүд
Байршил: Нью-Йорк
Гүйцэтгэх захирал: Кристобал Валензуэла
Үнэлгээ: $1.5 тэрбум
Чатбот болон зураг бүтээгч хиймэл оюуны дараагийн дэвшил нь видео бичлэг байна хэмээн салбарынхан үзэж байна. Тэгвэл "Runway" компанийн бүтээгдэхүүнүүд хэдийн хэрэглэгчдэд хэдхэн үгээр богино дүрс бичлэг бүтээх боломжийг олгожээ. Тус стартап технологийнхоо нөөц бололцоог харуулахаар хиймэл оюуны кино наадмыг ч хүртэл зохион байгуулжээ.
4. Hugging Face
Бүтээгдэхүүн: Хэлний моделиудад зориулсан бааз
Байршил: Нью-Йорк
Гүйцэтгэх захирал: Клемен Деланге
Үнэлгээ: $2 тэрбум
"Hugging Face" стартап бусад компаниуддаа хиймэл оюуны моделиудыг үнэгүй ашиглаж болох платформын үүрэг гүйцэтгэдгээрээ генератив хиймэл оюуны хөгжил дэвшилд томоохон байр суурь эзэлсэн юм. Моделиуд дунд нь "Google", "Meta", "Microsoft"-ийн хөгжүүлсэн моделиуд ч бий аж.
5. Cohere
Бүтээгдэхүүн: Хэлний боловсруулалтын модель
Байршил: Торонто
Гүйцэтгэх захирал: Айдан Гомез
Үнэлгээ: $2 тэрбум
"Cohere" компанийн хөгжүүлж буй томоохон хэмжээний хэлний моделийг бусад бизнесүүд чатбот, хайлтын систем болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ ашиглах боломжтой юм. Тус компани хэдийн өндрөөр үнэлэгдээд байгаа бөгөөд саяхнаас үнэлгээ нь $6 тэрбумд хүрэх хэлэлцээ хийгдэж байна.
6. Anthropic
Бүтээгдэхүүн: Claude хиймэл оюунт туслах
Байршил: Сан-Франциско
Гүйцэтгэх захирал: Дарио Амодей
Үнэлгээ: $5 тэрбум
"Anthropic" компани өөрсдийгөө хөгжүүлэлтэд нарийн анхаардаг компани хэмээн тодотгодог. Компанийн хиймэл оюуны үйлчилгээ аль болох аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Тус компанийг "OpenAI"-д ажиллаж байсан хэсэг бүлэг ажилтнууд 2021 онд хамтран бүтээсэн юм. Компани анхныхаа чатбот болох "Claude"-ийг гуравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлж байлаа.
7. Character.AI
Бүтээгдэхүүн: Хувийн чатботоо үүсгэх
Байршил: Пало Алто
Гүйцэтгэх захирал: Ноам Шейзер
Үнэлгээ: $1 тэрбум
Илон Маск, Сократ эсвэл бүр Супер Мариотой яримаар байна уу? Тэгвэл "Character" програм байхад таны хүсэл биелэх боломжтой. Тус бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд өөрийн гэсэн зан авиртай, ярих хэв маягтай, хувь хүний онцлогийг шингээсэн чатботыг бүтээх боломж олгодог. Компанийн энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд үнэгүй хүрдэг боловч саяхнаас сарын 9.99 ам.долларын хураамжтай, төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлжээ.
8. Midjourney
Бүтээгдэхүүн: Зургийн генератив хэрэглүүр
Байршил: Сан-Франциско
Гүйцэтгэх захирал: Дэвид Холц
Үнэлгээ: Хөрөнгө оруулалтгүй
Өнөөг хүртэл хиймэл оюунаар бүтээсэн хамгийн гайхалтай уран зураг болон зургуудыг Midjourney толилуулаад байна. Компанийн энэхүү үйлчилгээ "Stable Dissusion", "OpenAI"-ийн "Dall-E"-ийн адилаар текст комманд ашигладаг. Харин гол ялгаа нь хэрэглэгчид "Midjourney"-ийг "Discord" платформоор дамжуулан ашигладаг юм.
9. Scale AI
Бүтээгдэхүүн: Хиймэл оюун сургалт
Байршил: Сан-Франциско
Гүйцэтгэх захирал: Александр Ванг
Үнэлгээ: $7.3 тэрбум
Хиймэл оюуны моделийг сургахад маш олон нэршилтэй дата ашиглагддаг. Тэгвэл текст, зураг, дуу хоолой гэх мэт датануудыг хялбараар ялгахад зориулагдсан тусгай программ болон харилцагчийн үйлчилгээг "Scale AI" компани санал болгодог.
10. Abnormal Security
Бүтээгдэхүүн: Цахим шуудангийн аюулгүй байдлын платформ
Байршил: Сан-Франциско
Гүйцэтгэх захирал: Эван Райзер
Үнэлгээ: $4 тэрбум
Цахим шуудангийн inbox нь вирус, луйвар, залилангийн чанартай и-мэйлүүдийн цуглах талбар болох нь бий. Энэхүү асуудал "Abnormal Security"-ийн хувьд хэдэн тэрбум ам.доллар олох боломж болсон юм. Компани өнгөрсөн онд мэйлээр ирсэн сэжигтэй зурвасын устгадаг хамгаалалтын платформыг хөгжүүлэхээр 210 сая ам.долларын санхүүжилт босгосон. Сэжигтэй и-мэйлүүдийг илрүүлэхдээ компани машин сургалтыг ашигладаг. Мөн 500 гаруй хүний ажиллуулдаг байна.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN