Ирэх сард зах зээлд танилцуулагдах iPhone 15 загварын цэнэглэгч одоогийн Lightning стандартаас USB-C стандартад шилжих тухай яриа судлаачдын дунд тараад байна.
Ингэснээр iPhone 15 загварын ядаж нэг хувилбар нь 35W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг болж, цэнэглэгдэх хугацаа нь богиносохыг уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж мэдээлжээ.
Одоогийн iPhone 14 Pro хувилбарууд 27W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг бол iPhone 14 нь 20W чадлаар хязгаарлагддаг.
Ийм чадалтай цэнэглэгчээр iPhone 14 Pro Max хувилбарыг бүрэн цэнэглэхэд ойролцоогоор 2 цаг зарцуулдаг байна.
Samsung компанийн шинэ загвар болох Galaxy S23 Ultra нь 45W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг. Энэ тохиолдолд 0-ээс 100 хувь хүртэл батарейг цэнэглэхэд нэг цаг хүрэхгүй хугацаа зарцуулдаг юм.
35W-ын чадалтай болсноор iPhone 15-ын цэнэглэх хугацаа үүнд хараахан хүрэхгүй ч өмнөх загвартайгаа харьцуулахад нэлээд сайжрах юм байна.
Гэхдээ цэнэглэх хугацаа ийм зөрүүтэй ч батарейн хэмнэлттэй ажиллагааны хувьд iPhone өрсөлдөгчөөсөө илүүрхдэгийг энэ оны гуравдугаар сард 9to5mac сайтын мэргэжилтнүүдийн зохион байгуулсан туршилт харуулсан юм.
Бүрэн цэнэглэгдсэн батарейтай Galaxy S23 Ultra энэ туршилтаар 27 цаг 6 минут ажилласан бол iPhone 14 Pro Max хувилбар 38 минутаар удаан ажиллаж байжээ.
Эх сурвалж: IKON.MN