"Apple" компанийн танилцуулсан "iPhone" гар утасны шинэ загварын урьдчилсан захиалга өнгөрсөн баасан гарагт дэлхийн 40 гаруй улсад эхлээд буй. Түүнчлэн шинэ загварууд есдүгээр сарын 22-ноос борлуулагдаж эхлэх юм. Харин "iPhone 15 Pro Max" загварын эрэлт өндөр байгаатай холбоотойгоор нийлүүлэлт эхлэх товыг есдүгээр сарын 22-ноос арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл хойшлуулсан байна. Тус загварын худалдаалагдах үнэ нь 1199 ам.доллароос эхлэх аж.
"iPhone 15" цувралын "Pro" загвар нь стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай. Цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн, стандарт загвартай харьцуулахад 20 дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг. "Apple" компани энэ удаад "Pro" загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн бөгөөд титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх "Pro" загваруудаас хамгийн хөнгөн жинтэй нь болжээ. Мөн дэлгэцийн хүрээ нь өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нөлөөлснийг онцолж байгаа юм.
"Wall Street"-ийн таамаглаж буйгаар Apple компанийн орлого энэ оны нэгдүгээр улиралд 117.2 тэрбум ам.долларт хүрч байсан бол энэ жил ойролцоогоор таван хувиар өсөж, 123.5 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна.
Эх сурвалж: Eagle.mn