5G-ийн хүч
Шотландын физикч Жеймс Клерк Максвелл 1860 онд цахилгаан соронзон орны онолыг боловсруулж, 1880-аад оны үед Германы физикч Генрих Герц радио цахилгаан соронзон давтамж оршин байдаг, тэдгээрийг илгээж мөн хүлээн авах боломжтой гэдгийг баталж байв. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд нүдэнд үл үзэгдэх тэрхүү “замыг” ашиглан мэдээлэл тээвэрлэж болно гэсэн сэдэл өгсөн, шинэ ертөнцийг нээж өгсөн анхны үйл явдал байсан юм.
Ийнхүү хэдэн арваны туршид уг технологи улам боловсронгуй болсоор 1940-өөд оны үед 1G буюу утасгүй харилцаа холбооны эхний хувилбарыг туршив. Түүнээс хойш мэдээлэл дамжуулах хурд, хүчин чадал, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүд хувьсан өөрчлөгдсөөр өдгөө бид LTE буюу 4G сүлжээтэй золгоод байгаа билээ.
Дэлхий ба 5G
2019 дөрөвдүгээр сард SK Telecom, KT, LG Uplus гэсэн үүрэн холбооны компаниуд 5G сүлжээгээ асааснаар энэ сүлжээг нээлттэй ашиглах болсон дэлхийн анхны улсаар Өмнөд Солонгос тодорсон юм. Түүнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын Verizon 5G сүлжээний станцаа асаав. Түүнчлэн 2020 оны тавдугаар сард Тайландын AIS, TrueMove H компаниуд 5G сүлжээг хэрэглэгчдэдээ санал болгосноор Зүүн өмнөд Азидаа 5G сүлжээг нэвтрүүлсэн анхны орон болсон билээ. Түүнээс хойш улс орон бүрийн тэргүүлэх үүрэн холбооны компаниуд 5G сүлжээг нэвтрүүлж, энэ оны байдлаар дэлхийн 92 орны, 2497 хотод 5G сүлжээ ажиллаж байна.
Дэлхий нийтэд 5G сүлжээний тусламжтай өрнөж буй хөгжил дэвшлүүд
- Дундаж Бундеслигийн тоглолтын үеэр үзэгчид 500GB дата зарцуулдаг бөгөөд хэрэв тухайн ордны интернэт сүлжээний чадамж энэ өндөр хэрэгцээг хангаж чадахгүй бол үзэгчид тоглолтоо гэрээсээ үзэхийг илүүд үздэг гэнэ. Тиймээс 2019 оноос эхлэн АНУ-ын тэргүүлэх үүрэн холбооны компани Verizon Үндэсний хөл бөмбөгийн лигийн бүх ордонд 5G сүлжээ суурилуулах ажлаа эхлүүлж, өнгөрсөн долоо хоногт дуусгасан билээ. Түүнчлэн AR-ийн тусламжтай тухайн тоглогчийн мэдээлэл, гүйх хурд зэрэг бүх тоон мэдээллийг ухаалаг утсаа ашиглан ямар ч хоцрогдолгүй авах боломж тун удахгүй олны хэрэглээнд нэвтрэх гэнэ.
- Дюссельдорфын их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт дутуу төрсөн нярайн хоолыг зөөхөд 5G сүлжээ бүхий дроныг ашиглав. Өмнө нь тус хоолыг эмнэлгийн нэг тасагт хийгээд нөгөө тасаг руу биеэр зөөдөг байсан бол дрон ашиглан 450 орчим метр зайг 40 секундэд туулжээ. Мөн байгалийн гамшиг тохиолдсон бүс нутаг, хүн хүрэх боломжгүй газруудад өндөр хурдны интернэттэй дронуудыг ашигласаар байна.
- Английн Лондон хотод галт тэрэгний зам дагуу 5G технологийн Wi-Fi асааснаар зорчигчид өндөр хурдны сүлжээнд холбогдохоос гадна галт тэрэгний үндсэн системүүд илүү ухаалаг болж, зам ашиглалт, аюулгүй байдал зэргийг нэмэгдүүлж байгаа аж.
Ингээд харвал өдгөө бид интернэтийг ихэвчлэн хүн хоорондын харилцаандаа ашигласаар ирсэн бол 5G хүн-төхөөрөмж, цаашлаад төхөөрөмж-төхөөрөмж гэсэн харилцааг олон шат ахиулах юм.
Эх сурвалж: Gogo.mn