Аудио технологийн Bose компани ирэх нэгдүгээр сард АНУ-ын зах зээлд Bose Frames нэртэй шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар болжээ. Энэ бол микрофон, яригч бүхий нарны шил юм. Нэг бүр нь $199-ийн үнэтэй худалдаанд гарах нарны шил загварын хоёр сонголттой байна. Ердийн нарны шил шиг 45 грамм жинтэй Bose Frame-ийг зүүсэн хүн Bluetooth технологиор гар утастайгаа холбогдож, дуудлага авах, залгах, хөгжим сонсох боломжтой байна. Ингэхдээ чихэвч хэрэглэлгүй, нарны шилний шилбэний хэсэгт байрласан яригчаар сонсох юм. Өөрөөр хэлбэл шилбэнд байрласан яригч эзнийхээ чихэнд шивнэнэ гэсэн үг.
Хэдийгээр чихний нүхийг таглахгүй ч яригчийн дуугаралт нь маш сайн чанартай байгааг туршсан мэргэжилтнүүд мэдээлжээ. Нарны шилний батарей нь тасралтгүй хөгжим сонсоход 3.5 цаг ажиллах бол идэвхгүй тохиолдолд 12 цаг хүртэл ажиллах гэнэ. Мөн хоёр цагийн дотор бүрэн цэнэглэгддэг гэжээ.
Ирэх хавар Bose компани Bose AR үйлчилгээг програм шинэчлэх замаар нэмэх юм. AR буюу Augmented Reality технологи нь бодит орчныг хийсвэр агуулгаар баяжуулж хүнд хүргэдэг. Видео хувилбарыг нь бид Pokemon Go зэрэг тоглоомноос мэднэ. Харин Bose AR нь энэ технологийн аудио хувилбар байх юм. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийн байгаа газрын байрлалыг гар утасны GPS системээс авч, газар зүйн байрлалд суурилсан аудио мэдээлэл, лавлагааг өгнө гэсэн үг.