2019 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ
ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
1.3 ЭЕШ-ыг 2019 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2019 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
1.4 Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-д заавал хамрагдсан байна.
1.5 Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно
1.6 Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгон шалгуулна.
1.7 ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.6-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
1.8 ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.
1.9 ЭЕШ-ын монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгын 25 хувь монгол бичгийн чадвар сорьсон даалгавар байна.
1.10 МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
1.11 ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
1.12 ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг Боловсролын Үнэлгээний Төв /цаашид БҮТ гэх/-ийн даалгаврын санг ашиглан блюпринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
1.13 2019 оны ЭЕШ-ын блюпринт нь цөм хөтөлбөрийн заавал судлах агуулгад суурилна.
1.14 МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, сонсгох төхөөрөмж, сүлжээ сарниулагч, метал илрүүлэгч гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмж ашиглана.
1.15 Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ. 2 1.16 ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.
Хоёр. ЭЕШ-ын бүртгэл
2.1 ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний 09:00 цагт эхэлж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
2.2 МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний 09:00 цагт эхэлж, 2019 оны 03 сарын 04-ний 18:00 цагт дуусна.
2.2.1 2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”- аас татан авч бүртгэлд хамруулна
2.2.2 Өмнөх онд төгссөн шалгуулагчид энэ журмын 2.2-т заасан цахим хаяг, хугацаанд онлайн бүртгэлд хамрагдана.
2.2.3 Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчдын дахин шалгалтын бүртгэл энэ журмын 2.2-т заасан цахим хаягаар 2019 оны 04 сарын 01-ний 09:00 цагт эхэлж, 2019 оны 04 сарын 15-ны 18:00 цагт дуусна.
2.3 Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ.
2.3.1 Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.15-т заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.
2.3.2 Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна.
2.3.3 Энэ онд төгссөн шалгуулагч сургууль, анги, бүлэг, регистрийн дугаар зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем /esis.edu.mn/-д мэдээллийг засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна.
2.4 Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
2.4.1 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
2.4.2 Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
2.4.3 Энэ журмын 2.12-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
2.4.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
2.4.5 И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
2.5 Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ.
2.6 Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.4.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
2.7 ЭЕШ-д хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
2.8 Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
2.9 Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
2.10 ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
2.11 МХБШ нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2017, 2018 онуудад МХБШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.
2.12 Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy=1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.
2.13 ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
2.14 Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2019 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
2.15 Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.
Гурав. Шалгалтын хугацаа, зохион байгуулалт
3.1 Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна.
3.2 ЭЕШ-ын шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
3.3 МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03 сарын 11-ээс 03 сарын 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
3.3.1 МХБ-ийн дахин шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 04 сарын 18-аас 04 сарын 20-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
3.4 2019 онд төгсөх шалгуулагч төгсч буй сургуулийн харъяалагдах шалгалтын байранд шалгалт өгнө.
3.5 Өмнөх онд төгссөн шалгуулагч бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын шалгалтын байранд шалгалт өгнө.
3.6 Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчдын ирүүлсэн өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа тодорхойлолт, сургуулийн албан бичигт үндэслэн шалгалтын анги танхим, шалгалтын материалыг тусгайлан бэлтгэнэ.
3.7 Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.7.1 Бүртгэлийн хуудас /2.15-д заасан шаардлага хангасан байна/
3.7.2 Суудлын хуваарь
3.7.3 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2019 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
3.7.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
3.8 ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
3.9 Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
3.10 Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
3.11 Гэрээний хуудас нь шалгуулагчийн цээж зураг, хувийн мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд баримтлах дэгтэй танилцан гарын үсэг зурж, баганан код нааж баталгаажуулна.
3.12 МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
3.13 Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.
3.14 МХБШ-ын задгай хэлбэрийн даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ.
3.15 Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас, гэрээний хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
3.16 Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
3.17 Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын “баганан код наах хэсэг”-т наана. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжилнэ.
3.18 Шалгалтын материалыг БҮТ-д төвлөрүүлэн татаж, хадгална
Дөрөв. Шалгалтын дүн мэдээ
4.1 2019 оны 03 сарын 23-ны өдөр зохион байгуулах МХБШ-ын дүн оноог 2019 оны 04 сарын 01, 2019 оны 04 сарын 20-ны өдөр зохион байгуулах МХБШ-ын дүн оноог 2019 оны 05 сарын 01-ний дотор www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.
4.2 Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.
4.3 Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.
4.4 ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
4.5 Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.
4.6 Шалгуулагчдын МХБШ-ын батламж хуудсыг 2019 оны 05 сарын 06-аас, ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны 06 сарын 24-өөс эхлэн тараана.
4.7 Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.
4.8 Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
4.9 Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
4.10 Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана.
4.11 ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
4.12 Хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж /дүнгийн тодорхойлолт/ нь их, дээд сургуульд элсэх үндэслэл болохгүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагыг БҮТ хүлээхгүй.
5 Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх
5.1 ЭЕШ болон МХБШ-ын явц, зохион байгуулалт, шалгалтын материалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг БҮТ-ийн захирлын тушаалаар томилогдон ажиллана.
5.2 Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, 75779498 лавлах утас, info@eec.mn и-мэйл, https://www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна. Мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр хаягаар, бичиг баримттайгаа ирж шийдвэрлүүлж болно.
5.3 Шалгалтын явц, зохион байгуулалт, шалгалтын материалтай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, тухайн шалгалтын байранд томилогдон ажиллаж буй шалгалтын комиссоор шийдвэрлүүлнэ.
5.4 Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.
5.5 Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.
Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
6.1 Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.2 Энэхүү журмын 3.8-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 3.7-д заасан баримт бичиг бүрдүүлээгүй, хувийн мэдээлэл зөрүүтэй шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.3 Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.10-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
6.4 Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.
6.5 Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан эсвэл ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.6 ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. Бусад
7.1 БҮТ нь зохион байгуулсан шалгалтын дүн, оноо, тайлан, үр дүнг олон нийт, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллага, судлаачдад www.eec.mn, www.stat.eec.mn цахим системээр болон хэвлэмэл байдлаар хүргэнэ.
7.2 Шалгалтын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ тухайн байгууллага албан бичгээр БҮТ-д ирүүлнэ. БҮТ нь бүх шатны боловсролын болон судалгаа шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгч болно.
7.3 Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
7.4 БҮТ-ийн захирлын тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулж болно