Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулна.
Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинэчилж, энэ оны зургаадугаар сарын эхээр хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс