Сар шинийн баяртай холбоотойгоор хоёрдугаар сарын 15-28-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих саналыг иргэдээс авсан. Тэгвэл санал асуулгад оролцсон иргэдийн 50.04 хувь нь дээрх хугацаанд тэгш, сондгойгоор зорчихыг дэмжсэн байна. Тодруулбал, санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан бөгөөд нийт 3013 иргэн дан систем болон утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн байна.
Иргэдийн 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэдэг санал өгчээ.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 20.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн байна.
Тиймээс НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд одоо иргэдийн саналыг Засгийн газарт танилцуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрээ танилцуулах юм байна.