Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засаг гээд эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Салбар бүртээ амжилттай ажиллаж яваа эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх оролцоо ч өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Даяаршил үндэсний болон олон улсын хэм хэмжээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалын нөлөөгөөр хүрээгээ тэлсээр байна.
Тэгвэл мэдээлэлжсэн энэ нийгэмд мэдээлэл харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч, 1900-1950 мэдээллийн лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан эмэгтэйчүүдийн мэдлэг боловсрол нийгэмд ямар үүрэг оролцоотойг судалж, энэ чиглэлд докторын ажлаа эхлүүлжээ. 1900-1950 лавлахт 200 гаруй эмэгтэй дуудлагын оператор ажилладаг. Энд сурч боловсорч мэдлэгээ дээшлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүд их байдаг. Энэ ч утгаараа тус лавлахын хамт олон ажилтан албан хаагчдаа мэдлэг мэдээллээр хангах шат дараатай олон сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Мэдлэгт суурилсан эдийн засгийг мөн мэдээлэлжсэн нийгэм ч гэж харах нь бий. Тэгвэл мэдээлэлжсэн өнөөгийн нийгэмд мэдлэг боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл ч энэ мэтчилэн нэмэгдсээр байна.