Ам зайлагч коронавирусийг лабораторийн нөхцөлд 30 секундэд устгаж байгааг судалгаагаар тогтоожээ.
Кардиффийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 0,07 хувийн цетилпиридини хлоридийн /CPC based/ агууламжтай жоргүйгээр олгодог ам зайлдаг шингэнүүд вирус устгаж магадгүй гэсэн шинж тэмдгүүд илрүүлсэн байна. Энэхүү тайланг Уэльсийн их сургуулийн эмнэлгийн өвчтөнүүдэд хийсэн клиник туршилтын үр дүнд гаргажээ.
Хэдийгээр туршилтаар шүлсэн дэх вирусийг устгаж байгаа нь тогтоогдсон ч амьсгалын зам руу ордоггүй учраас энэ нь коронавирусийг эмчилдэг гэсэн баталгаа огт биш аж. Амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн доктор Ник Клэйдон тус судалгааны үр дүнгээс ам зайлагч шингэн нь хүмүүсийн өдөр тутмын гол хэрэглээ болж магадгүй гэжээ.
Доктор Клэйдон "Судалгааны энэ эерэг үр дүн Кардиффын их сургуулийн клиник туршилтаар харагдсан. Цетилпиридини хлоридод суурилсан ам зайлагч нь гар угаах, амны хаалт зүүх зэрэгтэй ижил бидний өдөр тутмын байнгын хэрэглээ болж магадгүй юм" гэжээ.
Өөр нэгэн судалгааны үр дүнгээр амны хөндийн ариун цэврийг сахих нь коронавирусийн халдварын тархалтыг сааруулах ач холбогдолтой гэсэн байна.
Эх сурвалж: BBC