Цар тахлын улмаас “Google”, “Microsoft”, “Twitter” тэргүүтэй технологийн топ компаниуд ажилчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сараас ажилчдадаа гэрээсээ ажиллах боломжийг олгож эхэлсэн билээ. Удахгүй “Facebook” компани нийт ажилтнуудынхаа 50 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Олон улсад жилээс жилд уян хатан ажиллах нөхцөлийг эрэлхийлж, гэрээсээ ажиллах чиг хандлагад анхаарах болсон тул энэ удаагийн дугаартаа гэрээсээ бүтээмжтэй ажиллах орчныг бүрдүүлэхэд туслах 10 зүйлийг онцолж байна.
Гэрээсээ ажиллж буй хүмүүс оффист ажиллахаас үр дүнтэй ажиллах боломжтойг батлах судалгаанууд бий. Зайнаас ажиллахтай холбоотой онцлох тоо баримтуудыг дурдвал:
- Дэлхий дээр 2017 оны байдлаар 3.7 сая ажилтан гэрээсээ ажиллаж буй нь 2005 онтой харьцуулахад 115 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
- Компаниуд ажилтнуудаа хагас болон бүтэн цагаар зайнаас ажиллуулснаар жил бүр 44 тэрбум ам.доллар хэмнэдэг бол ажилчдын хувьд жилд нийтдээ 4000 гаруй гаруй ам.долларын зардлыг хэмнэдэг байна.
- Зайнаас ажиллагсдын 86 хувь нь гэртээ буюу ганцаар ажиллахдаа хамгийн бүтээмжтэй байдаг гэжээ.
- Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, гэрээсээ ажиллах боломж олгодог компаниудын ажилтнууд харьцангуй тогтвортой ажилладаг буюу ажлаа солих магадлал 50 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
- Гэрээсээ ажилласнаар стресст өртөх эрсдэл 82 хувиар буурсан гэж судалгаанд оролцогсод хариулсан байна.
- Гэртээ ажиллах тухтай орчин бүрдүүлж чадаагүй бол бүтээмж буурах шалтгаан болно. Зочны өрөөнд эсвэл гал тогоонд ажиллах нь хөргөгч болон телевиз рүү өөрийн эрхгүй харж, анхаарал сарниж, бүтээмжийг бууруулах хамгийн том хөшүүрэг болдог тул сатааруулагч зүйлсээс өөрийгөө тусгаарлах нь зүйтэй. Гэрийнхээ хаа нэгтээ оффисын мэт уур амьсгалтай, цэгцтэй орчин бүрдүүлэх нь чухал юм. Иймд гэрээсээ бүтээмжтэй ажиллахад туслах 10 хэрэгслийг танилцуулж байна.
ТУХТАЙ ШИРЭЭ, САНДАЛ
Гэртээ үр дүнтэй ажиллахад хамгийн чухал нь тухтай ширээ, сандал. Гэртээ ажиллах үедээ гэр болон ажлын зүйлсээ тусад нь байлгах нь зүйтэй. Принстоны их сургуулийн дэргэдэх Мэдрэлийн шинжлэх ухааны институтын эрдэмтэд цэвэрхэн ажлын ширээтэй байх нь хүнд анхаарлаа сайн төвлөрүүлэхэд эергээр нөлөөлж, ажлын бүтээмж нэмдэг болохыг тогтоожээ.
ӨНДӨР ХУРДНЫ КОМЬПЬЮТЕР, ИНТЕРНЭТ
Гэрээсээ ажиллах үед компьютерын бүрэн ажиллагааг сайн анхаарах хэрэгтэй. Ажлаа хийх үед компьютер гацах эсвэл программ нь ажиллахгүй байх тохиолдол гардаг тул хамгийн өндөр хурдны интернэт болон "Microsoft"-ийн (Ms windows, Ms office) бүтээгдэхүүнүүдий албан ёсны хувилбарыг ашиглахыг зөвлөж байна. Мөн цэнэглэгч, чихэвчний дагалдах хэрэгслүүд ч чухал гэдгийг мартаж болохгүй.
БАЙГАЛИЙН ГЭРЭЛ, ШИРЭЭНИЙ ГЭРЭЛ
Ажлын орчноо аль болох цонхтой ойр байрлуулснаар ажлын бүтээмж нэмэгддэг. Мөн оройн цагаар ажиллах үедээ ширээний гэрэл байрлуулах хэрэгтэй. Корнэллийн их сургуулийн Дизайн, орчны шинжилгээний албаны профессор Алан Хеж бие махбодын үйл ажиллагаанд нарны гэрэл хэрхэн нөлөөлдгийг тогтоохоор оффист ажилладаг 313 мэргэжилтэнд ажиглалт хийсэн аж. Үр дүнд нь нарны гэрэлтэй ойр суудаг хүмүүст нүд ядрах, толгой өвдөх зовуурь бага илэрчээ. Түүнчлэн цонхтой ойр суудаг ажилтнууд хоёр хувиар илүү бүтээмжтэй байгаа нь ажиглагдсан байна.
ТАСАЛГААНЫ УРГАМАЛ
Нүдний харах орчинд ногоон өнгийн зүйл байх нь тааламж төрүүлээд зогсохгүй анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг ажээ. Хүн байгалиас таашаал авахдаа дээд зэргээр анхаарал төвлөрдөг гэнэ. Тиймээс байгалийн ургамал ашиглан ажлын бүтээмжээ нэмж болох юм. "Experimental Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд тасалгааны ургамалтай болон ургамалгүй ажлын байруудыг харьцуулан ажигласан байна. Ингэхэд ургамалтай оффисын ажилтнуудын анхаарал төвлөрөл илүү байжээ.
АЯГА
Мэдээж ажлын ширээн дээр байх ёстой зүйлийн нэг бол аяга юм. Та ажлаа хийнгээ өөрийн уух дуртай дархлаа дэмжих цай болон халуун уух зүйлийг тогтмол ууж ажлаа хийгээрэй.
БИЧГИЙН ХЭРЭГСЛИЙН ТАВИУР
Шаардлагатай бичиг баримтаа хийх олон төрлийн хэлбэр, хэмжээтэй тавиур болон ширээний номоо байрлуулж болно. Мөн нэмэлтээр үзэг балны сав, нэрийн хуудас багтахаар байвал илүү олон зүйлийг багтааж эмх цэгцтэй байхад тусална.
ГАР АРИУТГАГЧ ГЕЛЬ
Коронавирусийн халдвар тархаад буй энэ үед ажлын ширээний ариун цэвэр хамгийн чухал. Ийм үед гараа тогтмол ариутгаж байх хэрэгтэй учраас таны гэр оффисын ширээн дээр заавал байх ёстой зүйлсийн нэг бол гар ариутгагч юм.
СТРЕСС ТАЙЛАГЧ БӨМБӨГ
Ямар ч ажлын байранд сэтгэл тогтворгүйдэж, стрессдэх үе байдаг. Сэтгэл хөдлөлөө удирдах, дарамт шахалтыг тайван давж гарах чадвар нь гүйцэтгэлд шууд хамаардаг. Мөн стрессийг урт хугацаанд хуримтлуулах нь хүний биед хортой тул гэрээс ажиллах үедээ стресс тайлах зүйлсийг ширээн дээрээ байрлуулахыг зөвлөж байна. Тухайлбал, стресс бөмбөлгүүд нь цусны эргэлт нэмэгдүүлж, үе мөчний үрэвслийг эмчлэхэд тусалдаг тул зарим тохиолдолд бясалгалын хэрэгсэл болгон ашиглаж болдог.
ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР
Бодох болон бичих гэдэг тун өөр. Тэмдэглэл хөтлөхийн давуу тал нь өнгөрсөн цагаа дурсаж, одоо цагаа үнэлж, ирээдүй цагаа төлөвлөх боломжийг олгодог. Бид өнгөрснөөсөө суралцаж, одоо цаг болон ирээдүй цагаа төлөвлөх боломжтой. Гэнэт орж ирсэн шинэ санаагаа тэмдэглэх, хурал уулзалтын хуваариа өөрт сануулах зорилгоор наалддаг цаасан дээр тэмдэглэж болно.
ТАНЫ ОРОН ЗАЙ
Ажлаа хийх үедээ тайван байлгах зүйлсийг байрлуулах. Анхилам үнэрт амин тос ууршуулах, үнэртэй лаа асаах, өөрийн үнэт зүйлсийг илтгэх гэр бүлийн зураг, дуртай тоглоом, цуглуулгаа байршуулах зэргээр өөрийн ажлын ширээгээ чимэглэж болно.
эх сурвалж: posted.mn