Хэрвээ өөр бусад шинж тэмдэг тод илрэхгүй бол үнэр, амт мэдрэх чадвараа алдах нь шинэ коронавирусийн халдвар авсны илрэл байх боломжтойг эрдэмтэд анхааруулжээ.
Өмнөд Солонгос, Хятад, Италид халдвар авсан хүмүүсээс ийм нийтлэг шинж илэрч байсныг Их Британийн чих, хамар, хоолойн эмч нарын “British Rhinological Society” байгууллага мэдээлсэн байна.
Үнэр, амтны мэдрэмжээ алдах нь бусад амьсгалын замын өвчнүүдэд бас илэрдэг. Гэхдээ коронавирусийн тахал эрчимжиж байгаа энэ үед халуурах, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илрээгүй ч үнэр, амт мэдрэх чадвараа алдсан бол эмчид үзүүлж, оношлуулахад илүүдэхгүйг эрдэмтэд зөвлөжээ.
Үүнтэй ижил зөвлөмжийг АНУ-ын “American Academy of Otolaryngology-Head and Nick Surgery” байгууллагаас гаргасан байна.
Өмнөд Солонгост коронавирусийн халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 30 хувь нь өөр ноцтой шинж тэмдэг илрээгүй ч амт, үнэр мэдрэх чадваргүй болсноо эмчид мэдүүлж байжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тахлын мэргэжилтэн Мариа Ван Керкхов үнэр, амт мэдрэх чадвараа алдах нь коронавирусийн халдварын шинж тэмдэг болж чадах эсэхийг нягтлан судалж байгаагаа Даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press