Алхам тутамдаа коронавирусын дэгдэлтийн тухай мэдээлэл хүлээн авч, нийгмээрээ айдаст автаад буй энэ үед иргэн бүр асуудалд тайвнаар хандан, дархлаагаа дэмжих нь юу юунаас илүү чухал билээ. Тэгвэл энэ үед тайван байдлаа хэрхэн хадгалах вэ?
"Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовох нь хүн төрөлхтний байгалийн зан араншин билээ. Тиймээс юун түрүүнд өөрт мэдрэгдэж буй айдас, сэтгэлийн түгшүүр, сандрал зэрэг мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ба мэдэрч буй сөрөг мэдрэмжүүддээ хэт автахгүй байх хэрэгтэй" хэмээн Канадын Аз Жаргалын Институтийн мэргэжилтэн, "Whole Person Happiness: How to be Well in Body, Mind and Spirit" номын зохиолч Пол Крисмер зөвлөсөн юм. "Түүнчлэн нөхцөл байдалд бодитоор хандан, дараах чухал асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тухайлбал ‘COVID-19 халдварт өвчин миний амьдралд хэр их нөлөөлж байна вэ', ‘Би ямар арга хэмжээ авах вэ', ‘Бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?' гэх зэрэг асуудалд бодитоор хандах нь айдас, сэтгэлийн түгшүүрийг тань арилгах болно хэмээн тэрээр нэмж онцоллоо.
Мөн Сингапур дахь сэтгэл зүйн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Лим Бон Лен асуудал дэгдсэн үед тайван байж, стресст автахгүй байхыг зөвлөж байна. "Учир нь дэмий хоосон санаа зовох нь дархлааг дарангуйлдаг. Та ганцаараа халдварт өвчинтэй нүүр тулаагүй. Харин таны эргэн тойрны бүх хүн, нийгэм, улс, цаашлаад бүр дэлхий дахинаа энэхүү өвчний эсрэг тэмцэж байгаа гэдгийг үргэлж санаарай. Түүнчлэн өдөрт 1-2 удаа баттай эх сурвалжаас мэдээлэл аван бусад үед дархлаагаа дэмжин, өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд анхаарал хандуулан, оюун санаагаа амар тайван байлгах нь чухал юм" хэмээн сэтгэл зүйч Лим Бон Лен хэлсэн юм.
Эх сурвалж: BURO247
|