'Нохойгоо хэзээнээс, хэдэн сартайгаас эхлэн сургах вэ?' гэж олон хүмүүс асууцгаадаг. Нохойг эхээс нь салгаад гэртээ авчирсан цагаасаа л сургана.
- Хэрэв ирээдүйд 30-40 кг болсон том нохойг орон дээрээ, буйдан дээрээ хэвтүүлдэг, гаргадаг болгохыг хүсэхгүй байвал анх гэртээ авчирсан цагаасаа л битгий гарга!
- Хэрэв гэр бүлээрээ хоол идэж байхад нохой нь хажуунаас хуцаж, ширээ рүү авирч, ширээнээс дураараа хоол хүнс авч иддэг болгохыг хүсэхгүй байгаа бол эхний өдрөөсөө л өөрсдөө хооллож байхдаа 'өрөвдөөд' хоол бүү өг. Эхэндээ горьдож харна л биз, яваандаа хэн ч хоол идэж, ширээний ард суусан тоохоо больж тайван болно. Харин нэг л удаа өрөвдөөд талхнаасаа, хиамнаасаа өгчихвөл дасал болоод та нохойгоо ч зовооно, та өөрөө ч зовно.
- Хэрэв гэртээ ганцаараа тайван, гэр үймүүлэхгүй үлддэг болгохыг хүсч байгаа бол хашлаганд үлдэж сурга, гэрээрээ дураараа явж гэрийн эд хогшил мэрж, хазах боломжийг битгий олго, хашлаганаас гадуурх зүйл мэрдэг хаздаг зүйл биш гэдгийг ойлготол нь ой ухаанд нь суутал хашлаганд үлдээ. Өөрсдөө хамт байх үедээ сул байлгаж, буруу зүйл хийхэд нь тэр дор нь зас, буруу юм хийх боломж олголгүй тоглоомоор нь тоглуулж, гүйлгэж, гадаа гаргаж энергийг нь шатаагаарай.
- Гүйж ирээд том том шүдээрээ гар хаздаг, амандаа хийдэг болгомооргүй бол жижигхэн шүдтэй байхаас нь гар амандаа хийх, хазах бүрт нь болиул! Гар биш тоглоом өг!
- Залхуураад гэртээ сул орхивол гэрийн бүх газрыг жорлон гэж ойлгон хүссэн газраа шээж баана. Эхний өдрөөс л дэвсдэг памперс, сонин дэвс, өөр газар бие засах гээд байвал араас нь хөөцөлдөж байгаад ч болтугай аваад памперсан дээрээ тавь, үнэр нь шингэхээр дараагийн удаа памперсан дээрээ шээх магадлал их.
- За ер нь нохой тэжээнэ гэдэг нойрондоо харам хүнийг эртэч болгодог, гэрийн ажил хийдэггүй хүнийг ажилсаг болгодог, зожиг хүнийг нийтэч болгодог, тэвчээргүй хүнийг тэвчээрийн туйл болгодог, гэрээс гардаггүй хүнийг уул хадаар гүйлгэж хөдөлгөөнтэй болгодог, байрандаа таныг хэн ч танидаггүй байсан бол хөлд орсон жаалаас хөгшин настай өвөө хүртэл танидаг болгодог шидтэй зүйл дээ
эх сурвалж: Kuma пэйж хуудас