Зөвхөн микроскопоор харж болох давсны ширхгээс ч жижиг хэмжээтэй гар цүнх дуудлага худалдаагаар $63,750-ын үнэ хүрчээ.
Нью-Йоркийн Брүүклин дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг MSCHF уран бүтээлийн нэгдлийн энэхүү цүнхний хэмжээ 657:222:700 микрометр юм байна.
MSCHF өмнө нь олны анхаарлыг татсан, сонин содон зүйлсийг урлаж байсан түүхтэй.
Тухайлбал тэдний урласан хүний цусны орцтой гутал, этгээд үнэртэн, уландаа ариун ус агуулсан пүүз зэрэг нь дуулиан тарьж байжээ.
Энэ удаа тус нэгдлийн урчууд хэт жижиг хэмжээтэй гар цүнх бүтээсэн байна.
Том, жижиг, дунд хэмжээтэй гар цүнхнүүд байдаг. Харин энэ удаа бид жижиг цүнх гэдэг ойлголтод цэг тавьж байна гэж MSCHF мэдэгдэлдээ өгүүлжээ.
Үүндээ тэд Louis Vuitton брэндийн загварыг ашигласан байна. Гэхдээ тус брэндтэй албан ёсны холбоогүй гэнэ.
Цүнхийг фотополимер резин ашиглан 3 хэмжээст хэвлэгч машинаар бүтээжээ.
Хэтэрхий жижиг хэмжээтэй тул бүтээх явцдаа гээж, алга болгосон тохиолдол ч бий гэнэ.
MSCHF бүтээлийг нь худалдаж авсан хүнд дижитал дэлгэц бүхий микроскоп дагуулж өгчээ.
Ийм микроскоп зах зээлд $60-аас хэдэн $1,000-ын хооронд үнэтэй байдаг гэнэ. MSCHF микроскопынхоо үнийг дурдаагүй байна.
Бяцхан цүнхний үнэ $15,000-аас эхэлж дуудагджээ.
Louis Vuitton брэндээс загварыг нь дуурайлгах зөвшөөрөл авсан эсэхийг сэтгүүлч асуухад MSCHF-ийн уран бүтээл хариуцсан захирал Кэвин Виснер Бид зөвшөөрөл авах биш, дараа нь уучлал гуйдгаараа алдартай гэж хариулсан байна.
Тус нэгдэл 2021 онд бүтээгдэхүүнийх нь загварыг хуулбарласан асуудлаар Nike компанитай шүүхдэлцэж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn