Энэтхэг улсын "Chandrayaan-3" сансрын хөлөг сарны гадаргад амжилттай газардлаа. Ингэснээр Энэтхэг улс саран дээр буусан дөрөв дэх (АНУ, ЗХУ, Хятадын араас), сарны өмнөд туйлд хүрсэн анхны орон боллоо.
Энэтхэгийн Сансар Судлалын хүрээлэн буюу ISRO-оос мэдээлснээр түүхэн үйл явдал орон нутгийн цагаар 18:03-т тохиосон бөгөөд хүрээлэнгийн захирал Сриидхара Соманат "Энэтхэг улс саран дээр зөөлөн газардлаа" хэмээн мэдэгдсэн юм.
Chandrayaan-3 саран дээр бууснаас хоёр цагийн дараа ISRO анхны зургуудыг дэлгэсэн бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "Энэхүү түүхэн амжилт бүх хүн төрөлхтөнд хамаатай бөгөөд бусад орны ирээдүйд сарыг зорих төлөвлөгөөнд туслах болно" гэв.
Мөн удалгүй нарны эрчим хүчээр ажилладаг "Pragyan" хайгуулч робот ажилдаа орох бөгөөд сарны нэг өдөр буюу дэлхийн 14 өдрийн хугацаанд даалгавраа биелүүлээд эх дэлхий рүүгээ буцна.
Сарны өмнөд туйлд усны ул мөр, тэр дундаа мөс бий гэсэн таамаг байдаг бөгөөд нар хамгийн их тусдаг тал нь тул ирээдүйд сансрын төв байгуулах өндөр боломжтой, ашигтай байршил юм.
Өмнөх "Chandrayaan-2" хөлөг 2019 онд саран дээр газардах оролдлого хийх үеэр сүйрсэн бөгөөд Энэтхэгийн ард түмэн энэхүү мөчийг тэсэн ядан хүлээсэн гэж судлаачид хэлэв.
Цөмийн зэвсэгтэй Энэтхэг улс өнгөрсөн жил дэлхийн тав дахь том эдийн засгаар нэрлэгдсэн бөгөөд сарыг эзлэх уралдаанд бусад ширүүн өрсөлдөгчдийн хамт нэгдсэн.
Тухайлбал ОХУ-ын "Луна-25" хөлөг өнгөрсөн долоо хоногт саран дээр газардаж чадалгүй сүйрсэн, мөн сарны харанхуй талд "Чанг-Е 5" хөлгөө буулгасан Хятад улс "Чанг-Е 6" хөлгөөр өмнөд туйлд очихоо мэдэгдээд байна. Тэдний араас Японы Сансар судлалын агентлаг сар руу шинэ хөлөг хөөргөхөө мэдэгдсэн бол NASA аль хэдийн "Artemis 2" даалгавраар сар руу хүн илгээх гэд бэлдэж байгаа юм.
Эх сурвалж:GoGo.mn