Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлыг 2023-2025 оны хооронд хийхээр болсон. Уг ажлыг хэрэгжүүлэхээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групптэй хамтран эхний судалгааны ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлсэн. Есдүгээр сард хоёр дахь хээрийн судалгааны ажлыг 21 хоногийн хугацаанд үргэлжлүүлэхээр болжээ.
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежмент тодорхойлогдох юм.
Өнөөдрийн байдлаар нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster) зэрэг Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарсан байна.
Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордолтын зэрэглэлд орсон Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Идлэг шонхор (Falco cherrug) зэрэг олон шувуу бүртгэгджээ.
Эх сурвалж:GoGo.mn