Олон жилийн хахир өвөл, хавсаргатай хаврыг тэсэж гаран байгалийн онцгой шалгуураар өнөө цагт эргэн ирж байгаа Монгол бөхөнгийн тоо энэ жил хамгийн багадаа 15,540 тоо толгойд хүрч өсжээ.
Нэгэн цаг үед арслан заантай зэрэгцэн амьдарч байсан Монгол бөхөн өдгөө Монголын газар нутагт амьдарч байгаа нь гайхам завшаан билээ. Их мөстлөгөөс амьд үлдэж өнөөдрийн зуунтай золгосон бөхөн гэх ховор амьтан зөвхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа дөнгөж 27 хувьд л тархан амьдарч байна.
2016, 2017онуудад гарсан мялзан өвчин, 2017, 2018 оны хүнд хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцын хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан.
Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцын хэмжээ хамгийн багадаа 5070 бодгаль хүртлээ өссөн боловч популяцын хэмжээ эмзэг байгаа учир хамгаалалтын дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан, Экологийн Цагдаагийн алба