Баасан гарагт Портлэнд хотоос хөөрсөн Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 загварын нисэх онгоцны ослын хаалга салж унасан ноцтой осол гарсан билээ.
Газраас 4,900 метрийн өндөрт хөөрөөд байсан 171 зорчигчтой уг онгоц буцаж эсэн мэнд газардсан юм.
Энэ ослын үеэр зорчигчдын хоёр ширхэг гар утас онгоцны задарсан хэсгээр унасан юм байна.
Тэдгээрийн нэг нь болох хамгийн сүүлийн үеийн загварын iPhone гар утас ямар ч гэмтэлгүй, бүрэн бүтэн олджээ.
Портлэнд хотын нэг замын хажууд хэвтэж байсан уг гар утсыг олж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгснөө Шонатан Бэйтс гэдэг хүн сошиал хуудсандаа анх мэдээлсэн байна.
Хагас цэнэгтэй, дэлгэц нь цоожлогдоогүй, нислэгийн горимд тохируулсан утсыг тэр Тээврийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд (NTSB) хүлээлгэж өгснөө мэдээлжээ.
“Ямар нэг зураас, гэмтэлгүй, дэлгэц нь цоожгүй бутны дотор хэвтэж байсныг оллоо” гэж Бэйтс сошиал хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгт ярьсан байна.
Онгоцноос унасан хоёр гар утсыг Портлэндийн оршин суугчдын тусламжтай хоорондоо холгүй, ойролцоо газраас олсноо эздэд нь гардуулсан тухай NTSB мэдээлжээ.
Онгоцноос салж унасан ослын хаалгыг мөн хотын нэг багшийн арын цэцэрлэгээс олсон байна.
Дээрх ослын дараа АНУ-ын эрх баригчид Boeing 737 Max 9 загварын 171 онгоцыг газардуулах шийдвэр гаргасан юм. Онгоцнуудын аюулгүй байдлыг шалгаж, нягталсны дараа дахин нислэгт гаргах зөвшөөрөл өгөх ажээ.
Эх сурвалж: IKON.MN