Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцоор нэрлэж буй “Icon of the Seas” хөлөг АНУ-ын Флорида мужаас хөдөлж, далайд гарлаа.
365 метр урттай тус хөлөг нь 7600 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 40 гаруй ресторан, лоунжтай гэнэ. Хөлгийг бүтээхэд хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ.
Гэхдээ байгаль хамгаалагчид хөлгийн метан хий ялгаруулалтад санаа зовж байна. Тодруулбал хөлөг онгоц шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) хөдөлгүүртэй тул агаарт хортой метан ялгаруулна гэдгийг анхааруулж байгаа юм.
Хэдийгээр LNG нь мазут гэх мэт уламжлалт далайн түлшнээс илүү цэвэр шатдаг ч зарим хий нь гадагшилж, агаар мандалд метан алдагдах эрсдэлтэй байдаг аж.
Метан нь 20 гаруй жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийнээс 80 дахин их дулааныг агаар мандалд хуримтлуулжээ. Иймд тус хийн ялгарлыг багасгах нь дэлхийн дулаарлыг бууруулах гол алхам гэж үзэж байна.
Хөлгийг үйлдвэрлэсэн “Royal Caribbean” компани хэлэхдээ “Шинэ хөлгийн эрчим хүчний хэмнэлт орчин үеийн бусад хөлгөөс 24 хувиар илүү” гэв.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын нэг чухал хэсэг нь хөлгийн аялал болоод байна. Тэр тусмаа залуу хүмүүс хөлгөөр аялах түлхүү сонирхолтой байдгийг Cruise Lines олон улсын холбоо судалгаандаа дурджээ.
Пүрэв гарагт болсон хөлгийн нээлтийн ёслолд Аргентин улсын шигшээ багийн тамирчин Лионел Месси оролцсон юм.
Хөлгийн нийт жин Титаник хөлгөөс тав дахин их буюу 250 мянган тонн бөгөөд усан сан, парк, ресторан зэргийг багтаасан байна. Хөлгөөр аялахын тулд нэг хүн 1700-2600 ам.доллар төлөх гэнэ. Харин баяр ёслолын үеэр хөлгийн тасалбар 5000 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: IKON.MN