“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочиноор тансаг зэрэглэлийн, чанартай хослол /костюм/ үйлдвэрлэгч “Аяа Энтерпрайсес” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тэргэл оролцож байна. Түүний хувьд дэлхийд хийц, чанар, чансаагаараа өндрөөр үнэлэгддэг уламжлалт Англи, Италийн оёдлын арга технологийг ашиглан гар хийцийн хослол /костюм/-ын үйлдвэрийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр цар тахлын хүнд цаг үед үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч өөрийн нэрийн “Аяа” брэндийг бүтээж, дотоодын зах зээлд өөрсдийн гэсэн орон зайг бүрдүүлж чаджээ.
"Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.
“Аяа Энтерпрайсес” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тэргэлийн хувьд МУИС-ийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд БНХАУ-д магистрын зэрэг хамгаалжээ. Суралцах хугацаандаа дэлхийн ноолуурын зах зээл, эдийн засгийн талаар судлах явцдаа энэ салбарыг сонирхож эхэлсэн байна. Тэрээр Монголд анхдагч гэж хэлэгдэхээс илүү хийсэн зүйлээ хялбарчилахыг хүсдэггүй гэдгээ онцолж байлаа.
О.Тэргэл: Бид бүтээгдэхүүндээ 15-20 жилийн баталгааг өгч чадна
“Аяа” брэндийн гол онцлог нь бэлэн наалт цавуу ашигладаггүй харин адууны дэл, сүүл агуулсан хатуу материалыг ашигладаг гэдгээрээ давуу талтай. Адууны дэл, сүүлийг ашиглаж хийхэд үйлдвэрийн аргаар шууд машинаар оёх боломжгүй заавал гараар оёдог учир урт хугацаа шаардагддаг байна. Энэхүү аргыг ашигласнаар тухайн костюмын эдэлгээ даах чанарыг уртасгаж өгдөг давуу талтай гэнэ. Тус брэндийн хамт олон нэг, хоёр жил өмсөөд хуучирч хаягддаг биш 10, 20 жил өмсөх боломжийг хэрэглэгчиддээ олгодог байна.
Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд материал чухал. Тэгвэл тус брэндийг үйлдвэрлэхдээ Англи, Италийн дэлхийн тансаг зэрэглэлийн материал ашиглаж урладаг байна. Харин туслах материалаа Япон Улсаас авдаг байна. О.Тэргэлийн хувьд “Аяа” брэндыг олон улсад гаргахаар зорьж байгаа учир материалын чанарт маш их анхаардаг гэж байлаа.
О.Тэргэл: Энэ зөвхөн мөнгө олох бизнес биш, бид нарын хийж байгаа зүйл бол баялаг бүтээх...
“Аяа” брэндийн хамт олон урт хугацаандаа хослолын дагалдах хэрэгсэл болон гутал, цамц зэргийг үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Тиймдээ ч бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлаа эхлүүлж, хэд хэдэн туршилтуудыг хийсэн байна.
О.Тэргэл: Костюм бол орчин үеийн хуяг дуулга
"Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох Баялаг бүтээгч гэж хэн бэ? гэдэг асуултад "Аяа" брэндийг үүсгэн байгуулагч О.Тэргэл: Үнэ цэнэтэй бизнес эрхлэгч нар бол хамгийн гол баялаг бүтээгч. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, яг л танай нэвтрүүлэгт ордог оролцогч нар бол монголын хамгийн том баялаг бүтээгч нарын төлөөлөл гэж хариулсан юм.
"Аяа" брэндийн гар хийцийн тейлор хослолыг энгийн үед 21-60 хоногт урладаг байна. Лондонд энэ төрлийн хослолыг дөрвөн сар буюу 120 хоног хийх нь хэвийн үзэгдэл гэж салбарын мэргэжилтнүүд үздэг аж. Харин Bespoke хослолыг хийхдээ адууны дэл сүүлээр хийсэн сайн чанарын хатуулгыг бүтэн хэмжээгээр гадар болон дотор материалын дунд 100% гараар шидэн оёж тогтоодог. Ингэснээр хослолыг цэвэрлэсний дараа наалт салах асуудлыг үгүй болгож эдэлгээг уртасгадаг байна. Мөн бусад нарийн ажиллагааг машины оролцоогүйгээр гараар оёдог тул үйлдвэрлэлийн хугацаа нь урт бөгөөд хослолын эдэлгээ удаан үнэ цэнэтэй байдаг гэж байна. Тиймээс Итали, Англи, Герман гэх мэт орнуудад Bespoke болон Made to measure хослолыг хэдий өндөр үнэтэй ч ирээдүйд хийх хөрөнгө оруулалт хэмээн үздэг аж.
"Аяа" брэнд үйлдвэрлэгч хамт олон Монгол Улсын эдийн засгийг дэмжиж импортыг орлоод зогсохгүй цаашдаа экспортын бүтээгдэхүүний тоог нэмэхийг зорин ажиллаж байна.
Нэвтрүүлгийг бүтнээр энд дарж үзнэ үү
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарыг эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
“Аяа” брэнд Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ayamongolia
Инстаграм хаяг: @ayamongolia
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-ны гишүүн “Аяа” брэнд холбогдох утас: +976-86876540
Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075
ФОТО АГШИН