1900-1950 мэдээллийн лавлах төв дэргэдээ орчин үеийн шинэлэг номын санг нээлээ. Ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдүүлж, амралтын хэсгээ номын сан болгон тохижуулах санаачлагыг 1900-1950 лавлахын ажилтнууд гаргажээ. Тэд өөрсдийн уншсан номоо хандивлаж бусаддаа оюуны хөрөнгө оруулалт хийх ажилд идэвхи зүтгэлтэй оролцож 500 орчим номын фондыг бүрдүүлсэн байна.
Чөлөөт сонголт бүхий энэхүү номын санд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг гээд номын төрөл, сонголт өргөн. Мэдээж номын санд тавигдах шаардлагуудад нийцсэн дуу тусгаарлагч, агаар чийгшүүлэгч зэрэг хэрэгцээтэй бүхий л тохижилтыг хийж өгчээ. Энд залуус чөлөөт орчинд ном уншиж, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэн, бусадтайгаа хуваалцах боломжтой аж. Ийнхүү 1900-1950 мэдээллийн лавлах төв ажилтнуудынхаа санаачлагаар оффисын орчноос тэс өөр орчинг бүрдүүлж тохижуулсан номын сантай боллоо.